Д.Батсүх: Гишүүдээ ялгаж, заагласан зүйл байхгүй

img

Шүүгч, өмгөөлөгч, прокурорууд өнгөрөгч 2013 оноос Монголын хуульчдын холбоо гэх байгууллагад нэгдсэн. Гэтэл сүүлийн үед холбооны гишүүдийн олонх нь өмгөөлөгч байдаг. Хуульчдын холбоо өмгөөлөгчдийн талд ашигтай үйлчилж байгаа учраас шүүгч, прокурорууд холбооноос гарах гэж буй тухай сураг сонсогдох болсон. Энэ асуудлаар Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхийн байр суурийг сонсов.

1

-Хуульчдын холбоо шүүхийн танхимд хуулиар мэтгэлцдэг шүүгч, өмгөөлөгч, прокуроруудын нэгдэл болоод жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Гэтэл Хуульчдын холбоог гишүүн өмгөөлөгчдөдөө илүү үйлчилдэг гэх сураг дуулдах юм.  

-Ер нь бол хуульч гэж хэнийг хэлэх, тэд ямар үйл ажиллагаа явуулахыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхойлоод өгчихсөн. Монголын хуульчдын холбоо 4800 гаруй гишүүнтэй. Үүнээс 1800 гаруй нь шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгч. Шүүгч, прокуроруудын эзлэх хувь бага. Тус бүр 400 гаруй гишүүн байдаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд Хуульчдын холбооны үйл ажиллагаанд оролцох квот хэмжээг тодорхой заагаад өгчихсөн байгаа. Хуульчдын холбооноос явуулж байгаа үйл ажиллагаа, бодлогын хүрээнд тооны давуу байдлаас хамаараад илүү давуу байдлыг хэн нэгэнд олгосон шийдвэр байхгүй. Хуульчдын холбооны дагаж мөрдүүлсэн журам, зөвлөлийн шийдвэрүүдийг албан ёсны вэб сайт ажиллахаар бүрэн эхээр нь тавина. Хэтэрхий их туйлширсан, өмгөөлөгчдөд чиглэсэн бодлого явуулаад байна гэж болохгүй.

1

-Энэ нь нөгөө талаас Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонтой холбоотой юу?

-Тиймээ. Нөгөө талаар өмгөөлөгчдийн үйл ажиллагаатай холбоотой харилцаа, асуудалд Хуульчдын холбоо илүү оролцохоор байгаа. Бусад хуульчидтай харьцуулахад. Учир нь Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгоод уг хуулинд байсан өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хяналт тавих эрх хэмжээ манай холбоонд шилжиж ирсэн. Энэ утгаараа өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа байдалд тавих хяналт бусад хуульчийнхаас илүү байгаа.

1

-Тэгэхээр цаашид яах ёстой вэ?

-Манай холбоонд гишүүдээ ялгаж, заагласан зүйл байхгүй. Ер нь манай гишүүдийн дунд гурван биеэсээ цаг ямагт ашиг сонирхлын зөрчилтэй байдаг, хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой субъектууд нэг холбоонд нэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал яригддаг. Тэднийг нэг холбоонд нэгтгээд тэр холбооны удирдлага зохион байгуулалтад адилхан эрхтэй оролцоод явж буй нь тус тусынх нь хараат бус байдалд нөлөөлөх юм биш үү гэдэг санал, шүүмжлэл гарч байгаа. Бидний хувьд  үүнийг бусад улс орны жишигт нийцүүлэн, зөв зохион байгуулалттай болгох ёстой гэж бодож байгаа.

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ