Ноосны урамшуулал олгох төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагчид асуулт тавьж хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хонины ноос боловсруулж бүтээгдэхүүн болгоод сурагчдын дүрэмт хувцас хийж байгаа гэсэн яриа гарсан. Хонины ноос хаана боловсруулж байна вэ? Сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэл ямар байна” гэсэн бол гишүүн Ё.Отгонбаяр “Өнгөрсөн жилийн ноосны урамшуулал бүрэн өгөгдсөн үү. Мөн арьс ширний урамшуулалыг олгохдоо хоршоогоор дамжуулдгийг болиулах хэрэгтэй. Яагаад гэвэл татвар авдаг юм билээ. Мөн сурагчийн дүрэмт хувцсыг төр шийддэгийг болиул. Загварыг нь гаргаж өгөөд, сургууль сургуульд нь өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл сурагчдын дүрэмт хувцас үнэтэй, зарим айл өрх худалдан авч чадахгүй байна. Дээр нь хэлэлцүүлж байгаа төслөө зөв нэрлэвэл ямар вэ? Ноосны урамшуулал олгох тухай” гэхийн оронд Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэх нь оновчгүй гэлээ. ҮХАА-н сайд ноосны боловсруулалтын явцын талаар мэдээлээд, сурагчийн дүрэмт хувцасыг БСШУЯ хариуцдаг болохыг тайлбарлалаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж дууссаны дараагаар санал хураалт явуулав. Санал хураалтаар Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
а
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ