Хэт даврагчид Сисиг сүрдүүлэв
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Ливи улсаас хулгайлсан Египетийн
21 иргэнийг цаазлахаа мэдэгджээ. Хэт даврагчид барьцааны иргэдийг христийн
шашин шүтдэг учир цаазлахаар болсон хэмээн мэдэгдсэн 3.00 минутын видео
бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Уг бичлэгт Египетийн
Ерөнхийлөгч Абдуль Фаттах аль Сисиг өөрсдийнх эсрэг хүч хэрэглэхгүй байхыг
анхааруулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Барууны шашинг шүтсэн хэнийг
ч өршөөхгүй” хэмээн тэд мэдэгджээ. Барьцааны бүх хүнд улбар шар өнгийн хувцас өмсүүлсэн
байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Египет улсад хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр Путин Египетэд хөнгөлөлттэй үнээр зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрсөн юм. Сиси энэхүү зэвсгийн тусламжаар хэт даврагчидтай тулалдах болно гэжээ.
Видео бичлэгийн дараа Ерөнхийлөгч Сиси “Иргэдээ аврахын тулд хэт даврагчидтай тохиролцоо хийхэд бэлэн байна. Зөвхөн шашин, шүтлэгээс нь болж иргэдийг барьцаалах нь ёсгүй хэрэг. Та бүхэн ганцхан удаа хүнлэг зан гаргаж, барьцааны иргэдийг суллахыг хүсье” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ