Гал зогссон эхний өдөр хоёр хүн амиа алджээ

img

Минскийн гэрээний дагуу өчигдөр оройн 00.00 цагаас эхлэн Украины зүүн хязгаарт гал зогссон билээ. Орос болон Украины хэвлэлүүд “Гал зогссон цагаас зүүн хязгаарт буун дуу гарах нь багасч, хотын иргэд айдасгүйгээр нэг өдрийг тайван өнгөрүүллээ” хэмээн мэдээлж байна. Өнөөдөр өглөөний 8.00 цагийн үед Донецк мужид буун дуу гарч, нисэх буудлаас холгүй 40 орчим насны хоёр эрэгтэй амиа алдсан байдалтай олджээ. “Амиа алдсан хоёр хүний нэг нь салан тусгаарлагч” гэж “Бүгд Найрамдах Донецк ард улс”-ын Ерөнхийлөгч Александр Захарченко мэдэгдсэн байна. Тэрбээр “Зарим бүс нутагт армийнхан гал нээж, гэрээгээ зөрчиж байна” гэж хэлжээ. Цагдаагийнхан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Гал зогсоод удаагүй байхад зүүн хязгаарт дахин цус урссанд Германы Канцлер Ангила Меркел дургүйцлээ илэрхийлж, Ерөнхийлөгч Петр Порошенкотой утсаар ярьжээ.  Порошенко дээрх гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлж, ямар учраас Минскийн гэрээг зөрчснийг нь лавлах болно гэж Канцлерт амласан байна. “Зүүн хязгаар харьцангүй тайван болсны дараа энэ оны төгсгөл гэхэд Донецк, Луганскт  орон нутгийн сонгууль явуулахаар төлөвлөсөн” гэж Порошенко мэдэгджээ.


Донецк болон Луганск мужид хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчид болон армийнхан галт зэвсгээсээ татгалзаж эхлээд буй. Гал зогсоох гэрээнд “Хоёр тал мөргөлдөөний бүсээс 50-140 км-ийн зайд хүнд зэвсэг техникээ татах. Хоёр хоногийн дотор бүх зэвсгээ татах. Таван хоногийн дараа олзны цэргүүдээ харилцан солилцох” гэж заасан байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ