Ард түмэн, аав, ээжээ баярлуулж байгаадаа сэтгэл өндөр байна
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Монгол Улсын Дархан аварга Ж.Мөнхбатын М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялааж байна. Түүний аав Монгол улсын Дархан аварга Ж.Мөнхбат Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч байсан юм. Тэрбээр 1994 онд Хөдөлмөрийн баатар болж байсан бөгөөд хүү нь 21 жилийн дараа аавынхаа хүртэж байсан цол тэмдэгээр шагнуулж аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болсон анхны тохиолдол боллоо. Мөн мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж буй Какүрюү М.Ананд гавьяат тамирчин болсон юм.
s
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр “Золбоо хийморийн билэгдэл хөх морин жилийн төвөргөөн алсарч, хотлоор жаргах хонин жил айлчлан ирж байна. XVII жарны модон хонин жилийн босгон дээр эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурсгаж яваа бид бүхний бахархлын эзэн, алдар хүндийн эзэд болсон гавьяат тамирчин, мөн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа Монголын түүхийг бичилцэж буй багш эмч, малчин барилгачин, эрдэмтэн, архитектор, хилчин инженер, тамирчин, дасгалжуулагч, удирдаач зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэд маань төрийн эрхэм дээд цол тэмдэг хүртэж байна.Япон Улсын мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 33 удаа түрүүлэн түүхэн шинэ амжилт тогтоосон, дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Монголчууд агуу хүчит аав, хүү баатартай боллоо” хэмээн хэллээ.
s
Энэ үеэр Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал “Аав минь өөрийгөө 20-р зуунд аварга болсон. Харин миний хүү 21-р зуунд аварга болсон гэж ярьдаг. Би одоогоос найман жилийн өмнө Японы сумогийн аварга болж байсан. Энэ жил 33 түрүүлж сумод түүхэн амжилт гаргалаа. Өнөөдөр ард түмэн, аав, ээжээ баярлуулж Төрийн хүндтэй цолыг аваад зогсож байгаадаа сэтгэл өндөр байна. Цааш, цаашдаа энэ амжилтаа хамгаалж явна. Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө хичээнэ ээ. Ирж буй жилдээ эрүүл, энх байхыг ерөөж сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэсэн юм.
s
Гавьяат тамирчин какүрюү М.Ананд “Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Та бүхнийхээ ачаар би Төрийн өндөр шагналыг хүртлээ. Цаашид олон түрүү авахын төлөө бэлтгэлээ сайн хийх болно” хэмээн хэлсэн юм.
s
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ