Гацууртын ордод төрийн эзэмших хувийг дэмжсэнгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Г.Уянга, Д.Оюунбаатар нар эсрэг байр суурьтай байсан юм. Харин гишүүн Я.Содбаатар “Гадаадад айлчлалаар явахаараа хөрөнгө оруулагчдыг манайд хүрээд ир хамтраад ажиллая гэдэг. Монголдоо хүрээд ирэхээрээ улстөрждөг. Хоёр гуравхан хүн Монголоо аврах гээд бусад нь худалчихсан юм шиг ярихаа боль. Гадаа өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн тухайд анхаарах ёстой. Эрүүл мэндийг бодолцох хэрэгтэй. Харин энд яригдаж байгаа зүйл бол тусдаа асуудал” гэсэн байр суурьтай байв. Харин гишүүн Б.Бат-Эрдэнэ “Мэргэжлийн улсуудын гаргаж өгсөн тооцоо судалгаан дээр тулгуурлан ярьж байна. Өлсгөлөн зарласан суулт бол улс төрийн тэмцлийн асар хурц хэлбэр. Хаврын жагсаал цуглаан маш эрт эхэлж байна. Энэ хүмүүсийг огт тоохгүй юм. Ардчилсан нийгэмд бид асуудал байхад гарц гаргалгааг нь олох хэрэгтэй” гэж байлаа.
ө
Ийнхүү Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэнгүй. Үүнийг Гацууры ордын төрийн эзэмших хувийг эсэргүүцэж байсан гишүүд алга ташин хүлээж авав. Харин УИХ-ын дарга “Гацууртын ордод төрийн эзэмших 20 хувийг гишүүд дэмжихгүй байна. Тиймээс төсөлдөө өөрчлөлт оруулах хэрэгтэй” хэмээн үг дайв. Уг тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаав.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ