Л.Эрдэнэчимэг: Өлсгөлөнгөө зогсоох байх гэж найдаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Энэ асуудалд АН-ын бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
s
-Ноён-Уулыг хөндөхийг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлаад байна. АН-ын бүлгийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан намын бүлэг дээр энэ асуудал яригдаж байгаа. Энэ олон залуучуудыг өлсгөлөн зарлуулаад байж болж байна уу, ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай гэсэн асуудлыг тавьсан. Энэ хүрээнд бид хоёр асуудал шийдэж чадсан гэж үзэж байна. Нэгдүгээрт, УИХ-ын чуулганаас “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг буцаах шийдвэр гарсан. Үүнийг өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн эхний шаардлага бол энэ гэж ойлгож байгаа. Энэ шаардлагыг УИХ-ын чуулган биелүүлчихлээ. Хоёрдугаарт, Ноён-Уулыг Дархан цаазтай газар болгох тухай хуулийн төслийг АН-ын гишүүдийн зүгээс танилцуулсан байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт авчих юм бол Ноён-Уул бүтнээрээ хамгаалагдах боломж нээгдэнэ. Тиймээс сар шинийн баярын өдрүүдээр өлсгөлөнгөө зогсоох байх гэж найдаж байна.
s
-Ноён-Уулыг дархан цаазтай болгох тогтоолын төслийн талаар товч танилцуулаач?
-Тогтоолын төсөлд дурьдагдсан нэр бүхий газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар улсын хэмжээнд болон дэлхийд нэн ховор, ховор ургамал, байгалийн бусад төрлийн нөөц баялгыг хамгаалан арвижуулах боломжтой болох юм. Мөн тэдгээртэй холбогдолтой гарч буй хууль бус үйл ажиллагаа, зөрчлийг таслан зогсоож, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах ач холбогдолтой юм.
s
-Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахгүй байхыг мөн шаардаж байгаа шүү дээ?
-Аливаа асуудлаас давхар асуудалд шилжиж, ургуулан гаргаж болохгүй л дээ. Анх гаргаж тавьсан Ноён-Уулыг хамгаалах шаардлагыг биелүүлж байгаа учраас энэ асуудлаараа өлгөлөнгөө зогсоох байх гэж бодож байна. Үүнийг цааш нь Урт нэртэй хууль болгох талаар мэдээллүүд яваад байна. Урт нэртэй хуулийг батлаад 320 лиценз сэргээнэ гэдэг бол 320 газар түүний хэвлий, ой, усны ай сав газар хөндөгдөнө гэсэн үг. Урт нэртэй хуулийн тухай асуудал бол тусдаа асуудал. Үүнийг УИХ дээр хэлэлцэж эхлэх үеэр дахиж өөр байдлаар өлсгөлөн зарлах юм бол эдгээр асуудлаа салгаж ойлгоосой гэж хүсч байна.
ы
-Өлсгөлөн зарлаж, шаардлага тавьж байгаа иргэд энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол цаашид өлсгөлөнгөө үргэлжлүүлж, эцсээ үзэх талаар байр сууриа илэрхийлсэн. Цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?
-МУ-ын Ерөнхийлөгч Ноён-Уулыг ухуулахгүй гэсэн зарчим дээр байгаа гэж ярьж байсан. Мөн ард иргэдээсээ сонсох ёстой гэдгийг хэлсэн. Тиймээс ард иргэдээ сонсох ажлыг хийх шаардлагатай байна. Ард иргэдээ сонсохын тулд Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчны байнгын хорооныхон газар дээр нь очиж ард иргэдтэй томоохон уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй. Яагаад гэвэл яг одоо өлсгөлөн зарлаж байгаа иргэд ард иргэдийн төлөөлөл мөн үү гэдэг нь бас асуудалтай. Зохион байгуулалттайгаар мөнгө өгч өлсгөж байгаа гэх мэдээлэл ч яваад байна. Тиймээс бидний хийх ёстой зүйл бол ашиг сонирхол нь зөрчигдөөд байгаа тухайн нутгийн ард иргэдийг оролцуулсан хурал зөвлөгөөнийг зохион байгуулах шаардлагатай гэдэг саналыг Өргөдлийн байнгын хороо болон Байгаль орчны байнгын хороонд тавина.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ