Р.Бурмаа сайд сайн малчдад шагнал гардуулав
Сар шинийн баярын өмнөхөн Засгийн газрын гишүүд Улсын сайн малчдад шагнал гардуулахаар малчны хотонд зочилсон билээ. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн хувьд Булган аймгийн сайн малчдад “Улсын сайн малчин” цолыг гардуулан өгсөн юм.
\
Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Б.Бат-Эрдэнэ: “Мал дагавал ам тосдоно. Манайх 1990 онд 40 үхэртэй эхэлж байсан, одоо 700 үхэр, 1000 гаруй хонь, ямаатай. Хоёр малчинтай. Дарханы Анагаах ухааны дунд сургуулийг 1989 онд төгсөөд 1 жил мэргэжлээрээ ажиллаад л мал дээр гарсан, түүнээс хойш тасралтгүй 26 жил мал маллаж байна. Малыг улирал улиралд нь тохируулж маллах хэрэгтэй. Өвөл , хавар аль болох тогтуун, ойрын бэлчээрт хариулж, хотонд нь дулаан байлгана. Дулаан, хуурай хэвтэрт байгаа мал өглөө бэлчихдээ айвуу тайван, өдрийн ихэнхийг зогсож өнгөрөөхгүй, шууд яваад иддэг учир онд сайн ордог. Шөнө даарч хоносон мал биеэ дулаацуулах гэж наранд ээж зогссоор байгаад өдрийн ихэнхийг аваад хаячихдаг. Ингэхээр орой 4-5 цагийн үед мал өл алддаг. Ялангуяа 0-1 насны малыг дулаан байлгахад их анхаарах хэрэгтэй. Зун, намрын улиралд эрт бэлчээж, орой хотлуулна.”
s
Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн малчин н.Дамдинсүрэн:
“Малын буян гэдэг бол Монгол сайхан орны минь буян, байгаль дэлхийн буян юм. Тэр дундаа улсдаа адуугаараа тэргүүлдэг Булган аймгийн Сайхан сум бол дэндүү сайхан дэлгэр нутаг даа. Мал малласан ч бай, ямар ч ажилд хүн үнэн сэтгэлээсээ л хандаж чадвал тэр нь үр өгөөжөө өгдөг. Сэтгэл дутвал ажил дутдаг, ажил дутвал амьдрал дутдаг. Мал маллагааны хувьд гол зүйл бол цус, ясыг нь холтгож, үүлдэр угсааг нь сайжруулах явдал байдаг. Цус, яс сайтай мал тарга хүч сайн авдаг.”
й
Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга Н.Мэнд-Амар:
“Булган аймгийн Сайхан сумын эдийн засгийн суурь бааз бол мал аж ахуй, үүн дээрээ тулгуурлаж хөгждөг. Үүнд сүүлийн жилүүдэд цаг агаарын таатай байдал, малчдын уйгагүй хөдөлмөр, түүнчлэн төр засгаас малчдын талаар хэрэгжүүлж байгаа байгаа бодлого шийдвэр маш сайн нөлөөтэй байна. Сайхан сумын 1000 гаруй өрхөөс 700 нь малчин бөгөөд сүүлийн 3 жил дарааллан улсын сайн малчин төрж байгаа нь бахархууштай юм. Энэ жил манай сум 41000 толгой мал тоолуулсан. Салбарын сайд маань малчны хотонд ирж шагналыг нь гардуулж байгаад манай сумынхан их баяртай байна. Дамдинсүрэн гуайн хувьд сумынхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө их сэтгэл гаргадаг . Сумын эмнэлэгт сум болгонд тэр бүр байдаггүй хүүхдийн зүрх , судсыг оношлох аппарат мөн нүүдлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом, хэрэгцээтэй зүйлсийг бэлэглэсэн гээд сүүлийн 2-3 жилд сумандаа 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хүн юм.”
бы
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа: “Булган аймгийн Сайхан сум бол олон адуутай, сайхан айрагтайгаараа Монгол улсдаа алдартай. “Улсын сайн малчин” хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртсэн Дамдинсүрэн гуайнх таван хошуу малаа өсгөн үржүүлэхээс гадна сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд бас залуу малчдын сурч, дадлагажих зэрэгт их анхаарч, тэр дундаа нийгэмдээ тустай үйлээрээ тэргүүлдэгээрээ энэ шалгуурт тэнцжээ. Булган аймагт хоёр өдөр ажиллаж, малчид тариаланчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонслоо. Тэд төрөөс халамж , туслалцаа хэрэгтэй байна гэхээсээ илүүтэй хийж байгаа үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд төрийн зүгээс ямар зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байлаа . Тухайлбал, Хутаг-Өндөр суманд томоохон хэмжээний махны үйлдвэр ажиллахгүй байна, түүнийг орон нутагт нь ажиллахад нь дэмжих мөн боомт гаргаад өгөх юм бол бид Булган аймаг болоод бусад аймгуудад ХАА-н бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээгээд экспортлох боломжтой. Газар тариалангийн хувьд элеватор барих тал дээр дэмжиж өгвөл тэгвэл малынхаа тэжээлийн ургамлыг тарья, мөн үр тариагаа ч тариад орон нутгийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй бусад хот, аймгуудад ч нийлүүлнэ, цаашлаад экспортлох ч боломж байна. Мөн аялал жуулчлалын бүс байгуулах, загасны аж ахуй эрхлэх боломжтой , бүс нутгийн хэмжээнд бэлчээрийнхээ газрын зургийг гаргаад судалгаа хийгдсэн тухайгаа салбарын сайддаа танилцууллаа.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ