Замын цагдаа нар уртасгасан цагаар өндөржүүлсэн байдалд ажиллажээ

img

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид  иргэдийн аюулгүй, амгалан тайван  байдлыг хангаж, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллалаа. Мөн  иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгч ажиллав.

Сар шинийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч үзэгдэх орчин хязгаарласан тул иргэдийн аюулгүй байдлыг хангаж цасанд суух, осгох, төөрөх, гарч болзошгүй ослоос   урьдчилан сэргийлж Дархан –Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замын хөдөлгөөнийг 2015 оны 02 дугаар сарын 20-ны 23.00 цагаас 21-ний өглөөний 07.00 цаг хүртэл, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймаг руу зорчих тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг 2 дугаар сарын 21-ний өглөөний 07.00 цагаас 22-ны 07.00 цаг хүртэл хязгаарласан.

Мөн Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа учир орон нутгийг чиглэн явах жолооч нар цаг агаарын мэдээг сайтар сонсох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурд хэтрүүлэх, урсгал сөрөхгүй байх, өөрсдийхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байгаа аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ