Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо АНУ болон Европын холбоог Оросын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо зөөлрүүлэхийг санал болгосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Оросын ард түмний төлөө тус улсад хэрэгжүүлж буй хоригоо цуцлахыг хүсье. Өнөөдрийг хүртэл бид Украины зүүн хязгаарын хямралд Оросыг буруутай гэх баримтыг олоогүй байна” гэж хэлжээ. Фицо мөн зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчдыг “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минксийн гэрээг зөрчихгүй байхыг анхааруулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Канадын Засгийн газар Оросын 54 иргэн, аж ахуйн нэгжид хориг тавьсан юм. Энэхүү хоригийн дараа Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд дургүйцлээ илэрхийлж, Оросыг ганцаардуулахгүй байхыг Европын холбооны удирдлагуудаас хүссэн билээ.
Олланд өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Оросын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо цуцлахыг шаардаж, хэлэлцээр хийхийг уриалсан байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |