Жэймс С.Фишкин “Зөвлөлдөх ардчилал” хэлэлцүүлэгт оролцоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод зочилжээ.
Тэрээр АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны, ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн доктор зэрэгтэй профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг санаачлан, АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай зохион байгуулсан байна.
Тэрбээр өнөөдөр “Зөвлөлдөх ардчилал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцоно. Урилгаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын байгууллага, Судалгааны байгууллага болон Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирэх аж. Энэ үеэр нийслэлийн түвшинд иргэдийн оролцоог хангах чиглэлээр хийгдсэн ажлын талаар харилцан санал солилцох юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ