Бензин, шатахууныг зээлээр өгч эхэлжээ

img

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарга С.Кунаевын тушаалаар энэ сарын 20-ноос эхлэж, малчдад бензин, шатахууныг зээлээр өгч эхэлжээ.

Учир нь тус сумын малчид өвөлжөөнөөсөө хөдөлж, хаваржаандаа буудаг аж. Ингэхийн тулд тэд Даян нуур дахь хаваржаа хүртэлээ 120-180 км зам туулдаг юм байна. Сүүлийн хэдэн хоног тус нутагт цасан шуургатай,  зузаан цастай байгаа учир ийнхүү сумын захиргаанаас дээрх арга хэмжээг авч эхэлсэн байна.

Түүнчлэн, малчдын тууврын замын цасыг «Жол» компанийн замчид зайлуулж байгаа юм байна. Энэ талаар тус сумын Засаг дарга С.Кунаев мэдэгдэхдээ “Малчдад бензин шатахууныг зургаадугаар сард авахаар зээлээр олгож байна. Энэ онд мөнгө хөрөнгө хомсдоод байгаа ч сум хөгжүүлэх сангийн хөрөнгө ер орчим сая төгрөгийн хөрөнгөөр Даян нуурт гар утасны станц байгуулах, зам засах зэрэг ажлуудыг хийхээр болсон. Харин төсвийн хөрөнгөөр сумын сургуульд зуун хүүхдийн дотуур байрны байр барина. Хүн эмнэлэгт орон тоо болон түргэн тусламжийн машинд бензин шатахуун хүрэлцэхгүй асуудал гарч байна” хэмээн ярьжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ