Үйлдвэрлэлийн осол гарч буй салбарт чиглэнэ
Урин дулаан цаг эхэлж, удахгүй зам, барилга зэрэг үйлдвэрлэлийн ажил эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд "Хүний төлөө-Зөв тус" нэг сарын аяныг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ. Энэ тухай МХЕГ-ын дэд дарга Ю.Галсангаас тодрууллаа.
б
-"Хүний төлөө-Зөв тус" аяны гол зорилго юу вэ?
-МХЕГ-аас барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг дэд бүтцийн салбаруудын удирдах ажилтнуудын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар аюулгүй байдлыг хангуулах, гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах зорилгоор улсын хэмжээнд нэг сарын хугацаатайгаар зохион байгуулах гэж байна.
б
-Дээрх салбарын улсын хэмжээнд гарч буй үйлдвэрлэлийн ослын олонхыг барилгын осол эзэлдэг байх. Тэгэхээр энэ салбар руу нэлээн чиглэж ажиллах уу?
-Улсын хэмжээнд 2012-2014 онд нийт 1139 удаагийн үйдвэрийн осол гарч 1212 хүн өртөн 194 хүн амиа алдсан байна. Үүний 50 орчим хувь нь барилга, уул уурхай, зам тээвэр, холбоо, эрчим хүчний салбарт гарчээ. Технологийн процесс зөрчсөн, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсанаас 126, уналт нуралтаас 148, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор 134 осол гарсан байгаа юм. Зөвхөн барилгын салбар гэхгүй үйлдвэрлэлийн осол гарч буй салбаруудад зохион байгуулснаар нийт аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод хяналт, ажлын хариуцлага, сахилга бат дээшилж, болзошгүй осол аваар, эрсдэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлнэ. Тиймээс энэхүү аяны үеэр аюулгүй ажиллагааг хангуулах талаар хяналтын байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн акт, албан даалгавруудын биелэлтийг хангуулах ажиллана. Мөн дэд бүтцийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад эрсдлийн үнэлгээ тогтоон, Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулан, улсын байцаагчдыг чадавхижуулахаар төлөвлөсөн.
б
-Зөрчилтэй аж ахуй нэгжүүдэд ямар арга хэмжээ авах вэ?
-Аюулгүй ажиллах нөхцөл хангагдаагүй аж ахуй нэгж, байгууллагуудад зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулан, биелэлтэд хяналт тавин ажиллана. Удаа дараа зөрчил гаргасан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй аж ахуй нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох газруудад нь хүргүүлэн, шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллана. Ингэхдээ аяны явц, үр дүнгийн талаарх мэдээллийг долоо хоног бүрийн баасан гаригт нэгтгэн мэдээлэх юм.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ