“ITB Berlin-2015”-д дэлхийн 190 орон оролцоно
Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг болон “ITB Berlin” арга хэмжээнд Монгол Улс анх удаа түнш орноор оролцох гэж байна. Уг үзэсгэлэн яармаг ирэх гуравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Берлин хотноо болох бөгөөд энэ талаар өнөөдөр албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг, БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, “Аялал жуулчлал-ирээдүй” ТББ-ын дарга М.Есөнмөнх болон бусад албаны төлөөлөгчид оролцов.
d
Ээлжит удаагийн ITB Berlin үзэсгэлэн яармагт дэлхийн 190 гаруй орны 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллага оролцоно. Монгол Улс энэ удаагийн арга хэмжээний түнш орны хувьд ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэн яармагийг нээж үг хэлэх юм байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Монгол Улсаас нийт 16 тур оператор компани, хоёр зочид буудал, 50 гаруй аялал жуулчлалын компани энэ арга хэмжээнд оролцоно. Арга хэмжээнд оролцсоны дараа Монгол Улсад ирэх жуулчдын тоо эрс өснө гэж тооцож байгаа. 2014 онд Монгол Улсад нийт 417 мянга орчим жуулчин ирсэн тооцоо бий. Энэ тоо эхний байдлаар 20-30 хувиар нэмэгдэнэ. Цаашдаа 2020 он гэхэд Монгол Улс жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг, аялал жуулчлалын салбар ДНБ-ий 14 хувийг бүрдүүлдэг болж өргөжин тэлэх зорилго тавьсан. Энэ зорилгод хүрэхэд ITB Berlin арга хэмжээ чухал ач холбогдолтой” гэлээ. Мөн цаашдаа жуулчдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор дотоодын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, салбарын стандартыг шинэчлэн батлах чиглэлд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тодорхой бодлого гарган ажиллана гэдгийг сайд Д.Оюунхорол танилцуулсан юм.
d
“Аялал жуулчлал-ирээдүй” ТББ-ын тэргүүн М.Есөнмөнх “Монгол Улс энэ удаагийн үзэсгэлэн яармагт нийтдээ гурван танхимд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна. Өмнө нь олон улсын үзэсгэлэн, яармагт ингэж гурван танхимд улсаа сурталчилж, өргөн хүрээтэй оролцож байсан удаагүй юм. Өнгөрсөн хугацаанд манай аялал жуулчлалын компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд үзэсгэлэн яармагийн бэлтгэл ажлыг 100 хангаад байна” гэв. Харин Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг “Гадаад харилцааны яам энэ удаагийн арга хэмжээнд улсаа сурталчлах талаас нь өндөр ач холбогдол өгч оролцож байгаа” гэдгийг дуулгалаа.
d
Дашрамд дурьдахад, энэ удаагийн ITB Berlin үзэсгэлэн яармагт дэлхийн 190 орны 8000 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцоно. Монгол Улс тэдэнд “Монгол бол зайлшгүй зорчих орнуудын нэг” гэдгийг тунхаглана. Энэхүү тунхаглал арга хэмжээнд шууд оролцогсдоос гадна мэдээлэл, сурталчилгаааны баримтат кино, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлхийн 570 гаруй сая хэрэглэгчдэд хүрнэ гэж тооцоолж байна.
d
“ITB Berlin” үзэсгэлэн нь 1966 оноос хойш жил бүрийн гуравдугаар сард ХБГУ-ын Берлин хотод зохион байгуулагдаж ирэн, дэлхийн аялал жуулчлалын салбарынхны бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, хамтран ажиллах хамгийн том талбар болж ирсэн байдаг.
d
Л.Энхдэлгэр
Эх сурвалж: Eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ