Насанд хүрэгчдэд зориулсан жүжиг дахин тайзнаа амиллаа

img

Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ.

Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна. Хөөрхий бүсгүйн сонголт хаашаа эргэхийг ...

аа

Улсын драмын эрдмийн театрт Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагчийн тавьж буй "Чөлөөт хос" жүжиг өчигдрөөс дахин тоглогдож эхэллээ. Жүжгийн гол дүрд СТА Ц.Баясгалан, залуу жүжигчин Э.Тодгэрэл, туслах дүрд Г.Дөлгөөн-Аюуш нар тоглосон юм.

Бүхэл бүтэн 10 сар зөвхөн энэ жүжгийг бэлдсэн нь үнэхээр үр дүнгээ үзүүлэх шиг болсон. Мөн жүжиг эхлээд дуусах хүртэл амьд хөгжмийн “Пауз” хамтлаг тоглож, дээр нь жүжигчдийн яриаг тайзны дээр дэлгэцээр давхар харуулж байсан нь театрт ирж буй үзэгчдээ хүндэтгэж, сонсох чадвар багатай үзэгчид жүжигчдийн хэлж буй үгийг дэлгэцээр харах боломж олгосоныг онцолж дурьдах хэрэгтэй болов уу.

бб

Гол дүрийн жүжигчид жүжгийн туршид хэд хэдэн удаа амьдаар дуулсан бөгөөд ер мэргэжлийн дуучдаас дутахгүй гэдгээ харуулсан юм.

 Гол дүрд тоглосон жүжигчин Э.Тодгэрэлийн хувьд шинэ, залуу жүжигчин гэхэд өөрийнхөө дүр дээр маш сайн ажилласан нь харагдаж байлаа. Тэрээр “Театр” студийн жүжигчин бөгөөд хараахан жинхлээгүй байгаа аж. Түүний хувьд энэ нь анхны гол дүр юм байна.

Жүжигчин СТА Ц.Баясгалан жүжгийнхээ талаар ярихдаа "Үзэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэж тоглох, амьд хөгжмийн хамтлагтай бүх дуугаа амьдаараа дуулж, эмэгтэй хүнийг магтан дуулах минь их сонин содон мэдрэмж төрүүллээ. Үнэхээр сайхан байлаа” хэмээсэн юм.

бб

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
vneheer saihan jvjig bson bsan 2 jvjigchin mash sain bsan amjilt
2015-03-02