Тикрит хотыг эргүүлэн авна гэв

img

Иракийн Засгийн газар хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдад алдаад байгаа Тикрит хотыг эргүүлэн авахаар цэрэг илгээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Армийнхан энэхүү хотыг өнгөрсөн оны аравдугаар сард хэт даврагчдад алдсан юм. Тус хотын төвд Саддам Хуссейний хэд хэдэн тансаг харш болон зэвсгийн агуулах байгаа аж. Ерөнхий сайд Хайдар аль Абади “Ямар ч аргаар хамаагүй Засгийн газар Тикрит хотыг эргүүлэн авах болно. Бид АНУ, Их Британи улсаас тусламж авахаар зорьж байна. Тикрит хот бол Иракийн хамгийн эртний хотуудын нэг. Хэт даврагчид тус хотод эрхээ тогтоож, хүчирхэгжих тусам түүх соёл нэг нэгээрээ устах эрсдэлтэй. Мөн түүхийн гэрч болсон Саддам Хуссейний гэр болон хувийн урлан зэргийг нь эргүүлэн авахаар зорьж байна. Ирак амар амгалан болбол энэ бүхнийг аялал жуучлалын гол бүс болгохоор зэхэж байгаа” гэж хэлжээ.


Тикрит хотоос холгүй армийн 1500 цэрэг дайралт хийхээр төлөвлөж байгаа гэж Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр дурьдсан байна. Хэт даврагчид Тикрит хотыг эзэлснийхээ дараа таван метрийн өндөртэй цементэн хана босгож эхэлсэн юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
цементэн хана гэж зүйл хаана ч байдгүй. бетонон хана л гэж байгаа.
2015-03-03