Герман-Монголын бизнес форумд оролцов

img

ХБНГУ-д  ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Берлин хотноо зохион байгуулагдаж буй Монгол Германы бизнес форумд оролцлоо. Берлин хотын захиргааны байранд “ГЕРМАН- МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ”-ыг Монголын Хөрөнгө оруулалтын газар, Германы Ази-Номхон далайн холбоотой хамтран Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам зохион байгууллаа.

Арга хэмжээнд аж үйлдвэр, аялал жуулчлал, дэд бүтэц, хот байгуулалтын салбарын 170 гаруй төлөөлөгч нар оролцсоноос  90 нь германы байгууллага компаниуд байсан нь монголтой хамтран ажиллах сонирхолтой германы хувийн хэвшлийнхэн хичнээн олон байгааг илэрхийлж байна. Энэ удаагийн форумд Монголын талаас  15 компани оролцож байгаа бөгөөд Герман улстай уламжлалт бизнесийн харилцаатай аж ахуй нэгжүүд түлхүү оролцож байгаа юм байна.

ө

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ  “Герман Монголын харилцаа хэд хэдэн түвшинд идэвхтэй хөгжиж байгаа. Ялангуяа улс төрийн түвшинд. 2011 онд Герман улсын Канцлер манай улсад айлчилсан бөгөөд энэ үеэрээ чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Мөн Герман улсын Холбооны Ерөнхийлөгчтэй маш ойр харилцаа тогтоож, олон удаа уулзаж ярилцаж байсан. Канцлерийн хувьд Герман Монголын харилцаанд ялангуяа эдийн засгийн харилцаанд маш их анхаарал тавьж ажилладагт талархаж байна. Өнөөдөр би богино хугацаатай  айлчлалынхаа үеэр эрхэм Канцлер болон ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцах сайхан боломжууд гарч байна. Хамгийн чухал нь Монгол Улс албан ёсны түншээр оролцож байгаа  олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээх хүндтэй үүргийг би  хүлээж байгаа. Улс төрийн үүднээс нь авч үзвэл манай хоёр орны харилцаа  маш сайн түвшиндээ эрчимтэй урагшилж байгаа . Дараагийн түвшний харилцаа бол бизнесийн салбарын харилцаа юм. Монгол Германы бизнесийн харилцааны хамгийн ойлгомжтой зүйл нь хамтран ажиллах уур амьсгал боломж нь бүрэлдсэн явдал. Монгол Улс нь Азийн бүс нутагт байгаа Герман иргэдийн тоогоороо тэргүүлдэг.

ө

Мөн Герман улстай хамтран ажиллах бүхий л талын үйл ажиллагаанд Монгол Улс ойр дотны улс гэж харагддаг. Бидний хувьд  Герман улсыг Европын холбооны хамгийн чухал түншээ гэж харилцсаар ирсэн түүхтэй. Энэ үйл ажиллагаанд Германы бизнесийн салбарын алдартай төлөөллүүд  ирсэн байна. Мөн Германд ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд, холбоод маш их үүргээ гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Бид бол нээлттэй, ижил төстэй, үнэт зүйлүүдтэй хоёр улс. Тэр утгаар бид илүү ойлголцох боломжтой. Нэгэнт нээлттэй учраас бидний үйл ажиллагаанд гарч байгаа алдаа, хүндрэлүүдийг шийдвэрлээд явах эрмэлзэлтэй байдаг. Энэ бол манай хоёр улсын харилцааны давуу тал юм” гэв.

ө

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Берлин хотын төвд Монгол Улсын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо. Хоёр улсын хамтын ажиллагааны гүүр болон ажилладаг Элчин сайдын яамны хувьд ажиллах нөхцөл боломж сайжирч байгаа нь  Герман улстай харилцах харилцаанд маш том ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байгаагаа нээлтийн үеэр  Ц.Элбэгдорж  илэрхийлж амжилт хүслээ хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
tom arga hemjeend amjiltai oroltsloo bayar hurgie
2015-03-04