Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг энэ сараас тооцно
Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 52 дугаар тогтоол, "Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 53 дугаар тогтоолыг тус тус баталсан. Дээрх тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 126.5 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 төгрөгөөр тус тус тогтоож, 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.
Эдгээр арга хэмжээний хүрээнд 320.5 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 22 мянган төгрөгөөр, 17 орчим мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр тэтгэврийн дундаж хэмжээ 10 орчим хувиар өсч 283.8 мянган төгрөг болж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195 мянган төгрөгт тус тус хүрч байна.
Харин Нийгмийн халамжийн 75 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 11.5 мянган төгрөгөөр, Нийгмийн халамжийн асаргааны 42.2 мянган тэтгэмж авагчийн тэтгэмжийн хэмжээг 5.2 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126.5 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 мянган төгрөг боллоо гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ