Мексикийн Ерөнхийлөгчийг эсэргүүцэв
Их Британийн хатан хаан II Элизабетийн урилгаар Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето, гэргий Анжелика Риверийн хамтаар тус улсад хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Тэрбээр айлчлалынхаа эхэнд хатан хааны гэр бүлтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгчийг тус улсад ирэх үед Лондон дахь Мексикийн оюутны “Юо Сои 132” зөвлөлийн гишүүд эсэргүүцлээ илэрхийлж харамсалтайгаар амиа алдсан 43 оюутны аминд хүрсэн буруутныг олохыг шаардсан байна.
Жагсагчид “Хэрэгтнүүдийг шийтгэ”, “Оюутнуудын үхлийг захиалсан хүмүүсийг баривчил” гэх лоозон барьцгааж, Ерөнхийлөгчийн зургийг шатааж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн жагсагчид хатан хаан болон Ерөнхий сайд Дэвид Камероныг айлчлалын турш хүний эрхийн асуудлаар ярьж, хэрэгтнүүдэд цочироо өгөхийг хүсчээ. Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето өчигдөр Камеронтой уулзсан юм. Уулзалтын үеэр Камерон амиа алдсан 43 оюутны гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэхээ амлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ