“Уучлал” барьцаалсан популизм
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хууль болон холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэн Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Л.Цог, Ц.Даваасүрэн нарын нэр бүхий таван гишүүн ҮХЦ-д хандаж, цаашлаад УИХ-д огцруулах санал өргөн барихаа мэдэгдээд байгаа. Дээрх нэр бүхий гишүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АНУ, Филиппиний иргэнд өршөөл үзүүлснийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Гэхдээ тэд Ерөнхийлөгчид Ц.Мөнхбаярыг суллаач хэмээн хандах аж. “Монгол Улсын хуулийг зөрчин гадны Ерөнхийлөгчийн хүсэлтээр иргэнийг нь өршөөж болж байгаа юм бол ард иргэдийнхээ хүсэлтийг үндэслэн Мөнхбаяр гэдэг хүнд уучлал үзүүлэх байх гэж найдаж байна” хэмээн тэд байр сууриа илэрхийллээ.
Ер нь Капла нарт уучлал үзүүлснийг зөвхөн УИХ-ын гишүүд ч бус нийгэм сөргөөр хүлээж авч, Төрийн тэргүүний өөрийнх нь жиргэснээр олон түмэнд “хараалгаж” байгаа. Монголын иргэндээ уучлал үзүүлэхгүй байж гадаадын иргэдийг уучиллаа, өршөөлөө гэх нийгмийн зэвүүцэл Төрийн тэргүүн рүү чиглэж байна. Нэр бүхий гишүүд Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэхийг хүсч байгаа ч шалгагдаж, ял эдэлж байгаа үр хүүхдээ, ханиа, хамаатан саднаа уучлуулж, өршөөлгүүлэхийг хүссэн мянга мянган иргэн өдөр бүр төр засгийн зүг чих тавин буйг төрийн тэргүүн хэлүүлэлтгүйгээр мэдэж байгаа байх. Харин нөгөө талд Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн цэцэд өгөх аж. Тэд “Үндсэн хуулийг зөрчин гадны иргэдийг өршөөсөн асуудал болон бусад үндэслэлээр, УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хандан Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавиач ээ гэсэн утгатай тогтоолын төслийг өргөн барихаар бэлтгэж байна” хэмээн мэдэгдсэн.
Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж УИХ дахь “Шударга ёс” бүлгийн хоёр, бие даагч гурван гишүүний хамт нэгдэн ҮХЦ-д өргөн барих УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж байгаа юм байна. Тиймээс нэр бүхий таван гишүүн дээр УИХ дахь “Шударга ёс” бүлгийн гишүүд нэмэгдэх магадлалтай. Тэр дундаа Өршөөлийн хуулийн төслийг өргөн бариад гурав дахь жилдээ УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж чадаагүй байгаа УИХ дахь МАХН-ын бүлгийн Ц.Оюунбаатар нарын гишүүд Ерөнхийлөгчийг огцруулах төсөлд нэгдэх биз.
Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэнд “уучлал үзүүлэх”-ийг хуульчилсан байдаг. Ерөнхийлөгчийн “уучлал үзүүлэх” нь тухайн хүн ял авахын өмнө эсвэл дараа гэж тодорхой заагаагүй байна. Харин Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг батлах, хүчингүй болгох эрх УИХ-д байгааг хуулинд заажээ.
Парламентат засаглалтай улсын хувьд Ерөнхийлөгчийг огцруулах эрхийг УИХ-д олгосон. Үндсэн хуулийн 35.2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж заажээ. Парламентын засаглалтай улс болсон 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Төрийн тэргүүнээ огцруулах асуудлыг УИХ-ын гишүүд хөндөн тавилаа. Гэхдээ Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр ҮХЦ-д хандах УИХ-ын тогтоолын төслийн төсөл парламентын босго давах нь эргэлзээтэй. Нэр бүхий таван гишүүнээс гадна “Шударга ёс” эвслийн бүлгээс зарим гишүүн нэмэгдэх нь “73-ын бүдүүн бүлэг”-ийн дэргэх хүчин мөхөсдөх болов уу. Цэцийн дүгнэлт гарлаа гэхэд парламентын дийлэнх олонхийн саналаар огцруулна гэж хуулинд заасан. Тиймээс Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн зарим заалт зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 50+1 хувийн саналаар хүчинтэй болно гэсэн үг.
Өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд АН-аас сонгогдсон. Түүхэндээ анх удаа төрийн гурван өндөр албанд АН-ын гишүүдээс сонгогдон томилогдсон үе. Хэрвээ нэр бүхий гишүүдийн гаргасан саналаар ҮХЦ-ийн дүгнэлт гарч, парламент Төрийн тэргүүнийг огцруулбал АН огцорсонтой ялгаагүй. Гэхдээ ийм “хар” түүхийг АН-ын гишүүд бичихгүй нь лавтай. АН-ынхан гаднаа тэрсэлдэвч, дотооддоо МАН-тай холбож, сүлбэгдээд ч хамаагүй төрийн тэргүүнээ авч үлдэх нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулин дахь Ерөнхийлөгчийн үндсэн хэрэгжүүлэх эрхэнд ямар нэг тайлбаргүйгээр, зөвхөн “уучлал үзүүлэх” хэмээн хуульчлагдсан. Тиймээс гадаадын иргэнд үзүүлсэн уучлал нь Төрийн тэргүүний үндсэн эрхийн хүрээнд хийгдсэн гэж үзэж, Үндсэн хууль зөрчөөгүй гэж УИХ-ын олонх тайлбарлан, “популизм хийлээ” хэмээн шүүмжилцгээх биз.
Хэдийгээр нэр бүхий гишүүдийн Төрийн тэргүүнийг огцруулах асуудал дэмжигдэхгүй байх магадлалтай ч үүний цаана Ц.Мөнхбаярыг өршөөлд хамруулах, Өршөөлийн тухай хуулийг батлуулах гээд “уучлалаар барьцаалсан популизм” нь явагдаж байна гэж ажиглагчид үзэж байна лээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ