“Халифын улс”-тай нэгдэж буйгаа зарлав
Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау Засгийн газартаа хандсан 10 минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Өнөөдрөөс эхэлж “Боко Харам” бүлэглэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн Африк тив дэх төлөөлөл боллоо. Хоёр бүлэглэл нэгдэж буйгаа албан ёсоор зарлаж байна. Бид “Халифын улс”-ын хэрэгжүүлж буй тусгай ажиллагааг дэмжиж ажиллах болно. Бид хамтын хүчээр Ойрхи Дорнод болон Африкийн дамнасан “Халифын улс” байгуулахаар төлөвлөж байна. Бидний эсрэг нэгдсэн бүхэн үхэх болно. Биднийг дагаж дэмжсэн бүхэн сайхан амьдрах болно” гэж хэлжээ.
1
Түүний мэдэгдлийн дараа тус улсын Ерөнхийлөгч Гудлак Жоннатхан “Хоёр бүлэглэл нэгдэх нь хэтэрхий эрсдэлтэй. “Халифын улс” Иракийн томоохон нефтийн ордуудыг эзэлсэн. Мөн “Боко Харам”-ын мэдэлд хэд хэдэн орд байдаг. Энэ хоёр бүлэглэл албан ёсоор нэгдэхээс урьтаж, “Боко Харам” бүлэглэлийг газрын хөрстэй тэгшлэх хэрэгтэй” гэсэн байна. Тус бүлэглэлийн эсрэг Африкийн таван улс нэгдээд буй ч өнөөдрийг хүртэл ялалт байгуулж чадахгүй байгаа юм. Хэт даврагчдын эсрэг нэгдсэн улсуудад Африкийн холбоо 250 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ