Жолигийн жүжиглэлт намайг хурцалдаг

img

Өнгөрсөн онд “12 жилийн боолчлол” киногоороо “Оскар”-ын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн эзэн болсон жүжигчин Лупита Нионгогийн “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярицлагыг хүргэж байна.

.

-Өнгөрсөн онд “Оскар”-ын шагнал хүртснээс хойш таны нэрийг олон хүн мэдэх болсон. Та холливууд гэлтгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч боллоо. Гэнэт өөрчлөгдсөн амьдралынхаа тухайгаа яриач?

-Яг алинаас нь эхлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ өнгөрсөн оны “Оскар”-аас хойш миний амьдрал өөрчлөгдсөн. 1, 2 ч биш бараг 95 хувь өөрчлөгдсөн. Дэлгүүр орох, гудамжаар явах үед хажуугаар зөрсөн хүмүүс эргэж хардаг. Анх хэцүү байсан. Тэр хүмүүсийн харцнаас хүндлэл бус доог тохуу мэдрэгдэж байсан. Би танд нэг сонирхолтой түүх ярьж өгье. “Оскар”-ын эзэн болоод маргааш нь би нэг дэлгүүрээр үйлчлүүлж байхад нэг охин “Ээжээ тэр жүжигчин байна. Нөгөө “12 жилийн боолчлол” кинонд тоглосон жүжигчин байна. Очоод гарын үсгийг нь аваад ирэх үү” гэж хэлсэн. Тэр охины яриа надад их чанга сонсогдсон. Охин цүнхээ ухаж, хөдөлгөөн хийхэд миний алга гэнэт хөлөрсөн. Гэтэл ээж нь “Тэр жүжигчин гэж үү. Ядуусын хороололд амьдардаг юм уу. Ямар царай муутай юм бэ” гэж хэлсэн. Тэр эмэгтэй намайг сонс гэж байгаа юм шиг их чанга ярьж, охиноо илүү үйлдэл хийхгүй байхыг сануулсан. Би маш их ичсэн. Би бэлтгэлийн хувцас болон пүүзэнд дуртай. Тэр өдөр хүртэл дуртай стилээрээ хувцасласан байсан юм. Ээж, охин хоёрын яриа надад их зүйлийг тунгаахад тусалсан. Олны танил тэр тусмаа хүсч, мөрөөдөөд ч авч чаддаггүй “Оскар”-ын эзэн болсон хүн бусдын нүдэнд муухай харагдаж болдоггүйг ойлгосон. Гэртээ очоод л хувцасныхаа шүүгээг онгойлгож үзэхэд ихэнх нь бэлтгэлийн хувцас, футболк, жинсэн өмд, малгайтай цамц байсан. Үнэхээр гайхсан шүү. Хайч барьж очоод л бүгдийг нь тайраад хаясан. Дараа нь хайчилсан хувцасныхаа дэргэд зогсч байхдаа “Ээ бурхан минь. Би өөрчлөгдөж байна. Чи хүмүүст таалагдахыг оролдож эхэллээ” гэж өөртөө хэлсэн. Ямар үед ямар золиос гаргах нь хамгийн чухал. Би зөв цагтаа зөв золиос гаргасан гэж боддог. Хэрвээ би дайчин занг илүүд үзээгүй байсан бол бусдын нүдэнд дэлгүүрт тааралдсан ээж, охины нүдээр харагдах байсан. Олны танил болсон хамгийн анхны өөрчлөлт минь бол сэтгэл зүйн өөрчлөлт байлаа. Өнөөдөр, маргаашаар амьдрах сэтгэлгээгээ өөрчлөх үнэхээр хүндрэлтэй байв.

1

-Та олны танил болоод гадаад төрх, хувцаслалтандаа анхаарах нь зөв гэж боджээ?

-Үнэнийг хэлэхэд, би олны танил болохоос алдартай биш. Энэ хоёр үг адилхан сонсогдож байгаа ч утга нь өөр. Хүн бүхэн олны танил болж байна. Бие, үг, тэнэглэл, цэцэрхэл гээд л бүх зүйлээрээ олны танил болж болно. Харин алдартай гэх үг олны танил гэх үгийн сайжруулсан хэлбэр. Ажил хөдөлмөр, уран бүтээлээрээ амжилтад хүрч, олны танил болсон тэр эрхмийг алдартай гэж хэлж болно. Гадаад  төрхөө өөрчилнө гэх үгийг сонссон хүмүүс “Лупита Нионго үсээ ургуулж, богино даашинз, өндөр өсгийт өмсөнө” гэж ойлгож байгаа байх. Намайг хүндэлж буйн хариуд үзүүлж буй биеийн илэрхийлэл бол гадаад төрх. Тантай уулзахыг хүссэн хүн хиртэй, урагдсан хувцас өмссөн байвал муухай шүү дээ. Нэг жилийн хугацаанд л энэ бүхнийг ойлгосон. Миний хүндэлдэг ихэнх уран бүтээлч өдөр бүр гайхалтай харагддаг. Гайхалтай харагддаг нууц нь хүндлэлийн илэрхийлэл гэж боддог.

1

-Холливуудад хүлээн зөвшөөрөгдсөн ихэнх өнгөт арьст уран бүтээлч Америк гаралтай байдаг. Харин та Кени улсаас шинэ мөрөөдөл хайж ирсэн эмэгтэй. Таныг чадварлаг, бүтээлч гэдгийг тань олон ч уран бүтээл баталж байна. Дүр авах болон дүрийн сонгон шалгаруулалтад орохдоо өөрийгөө ямар улсын иргэнээр төсөөлдөг вэ?

-Би өөрийгөө азтай гэж боддог. Би Америкт ирэхэд миний халаасанд 15 доллар л байсан. Өөрийгөө таниулах, дүр авна гэдэгт бол зүүд байсан. Бурхан намайг харж үзсэн гэхэд болно. Миний буудалсан дэн буудлын хаалга дээр “18-25 насны эмэгтэйчүүдийг дүрийн шалгаруулалтад урьж байна. Чамд авъяас л байвал бүх хаалга нээлттэй” гэх зар байсан. Шалгаруулалтад орохоос нэг хоногийн өмнө би ханиад хүрээд, хоолой минь их өвдсөн. Хоол, цай ууж, идэж чадахгүй байсан. Ганцхан өдрийн дотор их хэмжээний жин хаяж, яг л халдварт өвчин туссан хүн шиг харагдаж байлаа. Эм уугаад л шалгаруулалт болох газар руу очсон. Миний ээлж болоод тайзан гарахад шүүгчид “Чи зүгээр үү” гэж асуухад миний нулимс гэнэт урсаад “Би зүгээрээ. Ямар ч дүрийг би бүтээж чадна. Юу хүсч байгаагаа хэл” гэхэд танхимд байсан бүх хүн инээсэн. Эхний шүүгч “Удаан хүлээлгэсэн цалин чинь буувал чи ямар төрх үзүүлэх вэ” гэж асуусан. Дараагийн шүүгч “Гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй” гэхэд цаана суусан нэг саравчтай малгай өмссөн эрэгтэй “Боолчлолд өртөж буй өнгөт арьстай эмэгтэйн дүрийг үзүүл дээ” гэж хэлсэн. Шалгаруулалтын дараа гурав дахь шүүгчийг Брэд Питт гэдгийг нь мэдсэн.

1

-Шалгаруулалт юу болов. Ямар кинонд тоглох эрх авсан вэ?

-/Инээв/ Би шалгаруулалтад тэнцээгүй. Гэхдээ Брэд Питтийн хараанд өртөж, хэдэн жилийн дараа “12 жилийн боолчлол” кинонд тоглосон. Удаан хүлээлгэсэн анхны дүр минь байсан учир их хичээсэн. Энэ киноноос өмнө хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсэн.

1

-Гэхээр таны хувьд жүжигчин Брэд Питт амьдралынхаа турш талархах ёстой хүний нэг бололтой?

-Тиймээ. Хэрвээ тэр өдөр Брэд Питтэй уулзаагүй байсан бол миний амьдрал ямар байхыг үнэхээр хэлж чадахгүй байна. Амьдрал урт, амьдрал дэндүү урт. Хэрвээ би зориг гаргаж АНУ-д ирээгүй байсан бол өнөөдрийнхөө аз жаргалыг олохгүй байсан байх.

1

-Гайхалтай. Яагаад Кени дэх амьдралдаа цэг тавиад АНУ-д ирсэн юм бэ?

-Би илүү сайхан амьдрахын тулд Америкт ирсэн. Америк бол эрх чөлөөний орон шүү дээ. Гадаадын иргэншилтэй олон ч уран бүтээлч энэ улсад сайхан амьдарч байна. Мөн Америкаас илүү шоу бизнес хөгжсөн улс байхгүй. Миний өнгөрсөн амьдрал тийм ч муу байгаагүй. Гэхдээ би өдөр бүр шинэ амьдралтай учрахыг мөрөөддөг байсан.

1

-Таныг их сургуульд сурч байгаагүй гэсэн. Үнэнийг хэлэхэд та  их сургуульд сураагүй ч гэсэн үнэхээр ухаалаг юм. Би таныг “Харвард”, “Оксфорд”-ын их сургууль төгссөн юм болов уу гэж бодсон. Ирээдүйд их сургуульд суралцах бодолтой байгаа юу?

-Их сургуульд элсэх бодол байхгүй байна. Ухаалаг гэсэнд баярлалаа. Намайг тойрон хүрээлэн буй хүмүүсийн ихэнх нь ухаалаг. Тиймээс тэр хүмүүсийн дунд тэнэг харагдаж, үнэлэгдэхийг хүсэхгүй байна. Тийм учраас номтой нөхөрлөөд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Зураг авалтгүй, чөлөөтэй байхдаа ном их уншдаг. Ном төлөвшихөд тусалдаг.

1

-Ямар төрлийн ном унших дуртай вэ?

-Уран зохиол болон намтарчилсан түүхийн ном унших дуртай.

1

-Та хэний жүжиглэлтэд дуртай вэ?

-Анжелина Жоли. Би энэ бүсгүйгээс уран бүтээлийн онгод авдаг. Түүний жүжиглэлт үнэхээр гайхалтай. Брэд Питт намайг жүжигчин болоход туслалцаа үзүүлсэн. Би түүнтэй өрсөлдөх чадвар дутуу ч Жоли намайг хурцалдаг. Би түүний тоглосон киног үзэхээр миний атаархал төрдөг.

1

- Энэ жилийн “Оскар”-т өмссөн таны даашинз алга болсон. Энэ тухайд?

-Би маш их гайхсан. Хүмүүс намайг нэр хүндээ өсгөхийг тулд “Оскар”-ын үеэр өмссөн даашинзаа санаатайгаар хүнд дамжуулаад алдсан хэмээн худал дуудлага цагдаад өгсөн гэж буруутгасан. Энэ хэрэгтэй би ямар ч хамааралгүй. Хэзээ ч даашинзаа алдана гэж бодож байгаагүй. Тиймээс надад хүндээр туссан. Би өчүүхэн сэтгэлгээтэй нэгэн бус учир даашинз мэтийн зүйлээ алдсан хэмээн шуугиан тарьж, алдаршихыг хүсэхгүй байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ