ШУА, ШУТИС хамтран ажиллана
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан, Технологийн Сургууль хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ШУА дээр боллоо. Гэрээнд ШУА-ийг төлөөлж академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ШУТИС-ийг төлөөлж ректор, доктор Б.Очирбат нар гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын багш, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлж, нийгмийн өмнө тулгамдсан техник, технологийн асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэхээр тохиролцов.
a
ШУА-ийн зүгээс харьяа хүрээлэн, төвийн лабораториуд болон бусад судалгааны нэгжид ШУТИС-ийн оюутан, магистрант, докторантыг сургаж дадлагажуулах, эрдэмтдийг ажиллуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтарсан төсөл, экспедиц, эрдэм шинжилгээний хурал болон бусад арга хэмжээнд багш оюутнуудын төлөөллийг оруулцуулахаар болсон байна.
a
Харин ШУТИС-ийн зүгээс харьяа сургуулийн шаталсан сургалтад ШУА-ийн харьяа хүрээлэн, төвийн эрдэмтэн судлаачдыг татан оролцуулж ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний ажилтныг докторантурт сургахад дэмжлэг үзүүлэх талаар гэрээнд тусгагджээ. Мөн ШУА-ийн эрдэмтдийг судалгааны профессорын багт татан оролцуулж цагийн багш болон бусад орон тоонд хавсран ажиллуулах, бакалавр, магистр, докторын зэрэг горилсон эрдэм шинжилгээний ажлыг эрдэмтдээр удирдуулах ажлыг зохион байгуулахаар болсон байна. Хамтын ажиллагааны гэрээ 4 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үргэлжлэх ажээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ