68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ
Шийдлийн Засгийн газар пүрэв гариг бүрт “Сайдын цаг” уулзалт зохион байгуулж, салбарын сайд нар ажлаа мэдээлж, сэтгүүлчдийн сонирсон асуултад хариулах аж. Энэ удаагийн “Сайдын цаг”-аар Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож, мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашид хийгдэх ажлын талаар дурдсан юм. Эрчим хүчний сайд Д.Зоригт:
f
-Манай эрчим хүчний станцууд 1960, 1980 онуудад баригдсан байдаг. Тиймээс үйл ажиллагаагаа явуулаад 30-50 жил болж байгаа. Норматив хугацаанаасаа илүү олон жил ажиллаж, асар их хэмжээний засвар хийгдэж, өндөр өртөгтэй цахилгаан үйлдвэрлэдэг. Сүүлийн 30 гаруй жилйин хугацаанд томоохон цахилгаан станц баригдсангүй. Гэтэл цахилгаан, дулааны хэрэглээ жилд дунджаар 10 орчим хувиар нэмэгдэж байна. Баруун бүст үүнээс илүү өндөр хувиар өссөөр байна. Гэтэл эх үүсвэрээ нэмэгдэхүүлэх боломжгүй байна. Бид нийт хэрэглэж байгаа цахилгааныхаа эрчим хүчний 20 хувийг хоёр хөршөөсөө авдаг. Олон жил яригдсан томоохон төсөл хөтөлбөрүүд удаашралтай хэрэгжээгүй байна. Хэрэглэгчдэд борлуулж байгаа цахилгаан дулааны үнийг төрөөс зохицуулж барьж ирсний улмаас цахилгаан дулаан алдагдалтай ажиллаж байгаа.
f
Энэ салбарт ажиллаж байгаа станцууд, дамжуулах түгээх сүлжээ алдагдалтай ажиллаж байгаа учраас техник, тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй байдалд хүрсэн. Өнөөдрийн байдлаар 144 төгрөгийн үнэтэй цахилгааныг 122 төгрөгөөр борлуулж байна. 1кВт.цаг тутамд 22 төгрөгийн алдагдал хүлээж, 2014 оны үр дүнгээр энэ салбар нийтдээ 68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Эрчим хүчний хэрэглээ байнга нэмэгдэж байна. 2014 онд Монгол Улс нийтдээ 6.7 тэрбум кВт.цаг эрчим хүчийг хэрэглэсэн. Үүний 5.3 тэрбум кВт.цаг -ийг дотооддоо үйлдвэрлэж, 1.4 тэрбумыг нь БНХАУ, ОХУ-ын эрчим хүчний системээс худалдаж авсан дүнтэй байна. Өнгөрсөн 2014 онд цахилгаан хэрэглэгдэг айл өрх, аж ахуйн нэгж 35922-оор, дулааны хэрэглэгч 40356-аар тус тус нэмэгджээ. Цаашид дорвитой, шийдэмгий арга хэмжээ авахгүй бол өсөн нэмэгдэж байгаа эх үүсвэрийг дутагдал нэмэгдэн, аваарын нөөц, чадалд орох, гадаадаас авах эрчим хүчний үнэ улам нэмэгдэх, цахилгаан дамжуулдаг, үйлдвэрлэдэг станцууд маань чадамжгүй болох, уул уурхай, барилга, хот байгуулалт, боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийг боомилох, тэдгээрийн өртөг зардлыг нэмэгдүүлэх, стратегийн асуудлаар гадаад орнуудаас хамааралтай болох эрсдлүүд байсаар байгаа. Иймд Засгийн газар өөрийн үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аас гаргасан шийдвэрийн хүрээнд бүтээн байгуулалтын дорвитой ажлыг хийх шийдлийг гаргаж ажиллаж байна гэлээ.
f
Өнгөрсөн онд “ДЦС-III”-т 50 МВт-ын өргөтгөлийг хийсэн. Тус станцын 9 дүгээр зуухны сэргээн босголтын ажил энэ оны хоёрдугаар сард дууссан байна. “ДЦС-IV”-ын 123 МВт-ын генратын өргөтгөл энэ сарын эхээр сүлжээнд холбогдож, хэрэглэгчдэд цахилгаан дулаанаа түгээж эхэлжээ. Амгалангийн ДЦС-ын ажил ирэх зургаадугаар сард ашиглалтад орох аж. Эдүгээ ажил нь 95 хувийн гүйцэтгэлтэй яваа гэнэ.
Улаанбаатар хотод баригдах таван хорооллын дэд бүтэц, эрчим хүчээр хангах дэд станцууд барих ажил үргэлжлэх юм байна. Дэд станцуудыг барих гол хөрөнгө оруулагч нь хувийн хэвшлийнхэн байх аж. “ДЦС-V”, Тавантолгойн, Багануурын Эгийн голын зэрэг дөрвөн цахилгаан станцын ажлын бэлтгэл ажил явагдаж байгаа гэнэ. Дээрх цахилгаан станцуудыг барихад улсын төсөвт ачаалал үүсэхгүй, хувийн хэвшлийн, зээлийн хөрөнгөөр барих аж.
f
Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээг эхлүүлэх, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулах, Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих буюу энэ төслийг “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулах шийдвэр гаргаж энэ салбарт бүтээн байгуулалтын дорвитой ажлууд хийх шийдвэр гаргажээ. Эдгээр станц 2019-2020 онд ашиглалтад орох юм. Мөн хөдөө, орон нутагт цахилгаан станц барих бэлтгэл ажлууд ид хийгджээ.
f
Энэ онд эрчим хүчний салбар үр ашийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах зорилт тавьж ажилласан байна. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төсөл боловсруулсан, УИХ-д өргөн барих ажээ. Энэ хүрээнд 17 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийхээр төлөвлөжээ. Мөн Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахаар ажиллаж байгаа аж. 2030 он хүртэл эрчим хүчний хэрэглээг тооцон боловсруулжээ.
f
Үнийн тухайд 24 мянган төгрөгийн үнэтэй дулааныг 12 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Тиймээс индексжүүлэлтийг хэрэглэхээр тооцжээ. Эрчим хүчний бага хэрэглээтэй айл өрхийн тарифыг бага хэмжээгээр, эрчим хүчний өдөр хэрэглээтэй аж ахуйн нэгжид өндөр үнэтэй борлуулах юм байна.
f
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ