“АН-д өгсөн дөрвөн байрыг хурааж авъя”
АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өчигдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр төв байраа шатаалгасан МАН 14.6 тэрбум төгрөгөөр одоогийн “Тусгаар тогтнолын ордон”-г бариулсан. Ингэхдээ төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар авсан. Иймд 11 тэрбумыг эргэн төлүүлэх асуудлыг 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд УИХ, Засгийн газар авч хэлэлцэхийг шаардсан юм.
s
Тэгвэл өнөөдөр МАН-аас мэдээлэл хийж, Тусгаар тогтнолын ордон болон Говьсүмбэр аймгийн ИТХ-тай холбоотой асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ШШГЕГ-ын дарга Б.Билэгт нарт албан шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Ж.Хасбаатар өчигдөр МАН-ын байрыг барихад улсын төсвөөс өгсөн 11 тэрбум төгрөгийг эргүүлж төлүүлэх, улс төрийн үйл ажиллагаа явуулахыг нь зогсооно гэсэн утгатай мэдэгдэл хийсэн.
d
Эргэн сануулахад, 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод, долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон бүх хүмүүсийг өршөөх Өршөөлийн хууль санаачилж 2009 оны долдугаар сарын 9-нд батлуулсан. Ерөнхийлөгч, МАН, АН тал талаасаа ярилцаад энэ үймээн самуунд эд хөрөнгөөрөө хохирсон иргэд, аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагуулъя гээд мөн оныхоо долдугаар сарын 9-нд Хохирогчид нөхөн олговор олгох тухай хуулийг УИХ баталсан. Энэ үед хамтарсан Засгийн газар байсан.
s
Энэ хуулийн дагуу 2009 оны есдүгээр сарын 23-нд Хохирогчид нөхөн олговор олгох тухай Засгийн газрын тогтоол гарсан. 2010 оны хоёрдугаар сарын 8-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс МАН-ын хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөг байна гэж тогтоосон. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хохирлыг тогтоолгох гэж хөндлөнгийн гурван байгууллагаар аудит хийлгэсэн. УИХ нь хууль, Засгийн газар нь тогтоол, шүүх нь шийдвэрээ гаргаад АН-ын гишүүн Сангийн сайд С.Баярцогт энэ 11 тэрбум төгрөгийг МАН-д гаргаж өгсөн. Тэгэхээр энэ АН-ын гишүүд, дэмжигчдийн хувьд гайхаад байхаар асуудал биш. Энэ бол цэвэр улс төрийн өнцгөөс зохион байгуулалттайгаар хийсэн мэдэгдлэл гэж бид үзэж байна.
s
АН-д төрийн өмчөөс Засгийн газрын тогтоол гаргуулж авсан дөрвөн байр байдаг. Тодруулбал, тухайн үеийн АН, Үндэсний дэвшил нам, Монголын ардчилсан холбоо гээд дөрөв, таван нам нэгдээд АН болсон. Тэр үеийн Соёлын яамны байр, Зориг сангийн байр, Төв шуудангийн урд талд байрлах байр, Соёлын төв өргөө, Дуурийн театрын дунд байсан байр гээд энэ бүхнийг АН улсын өмчөөс авсан. Энэ өмчийн заримыг нь АН зарсан. Заримыг нь шинэчилнэ гээд нураасан байгаа. Харин МАН Ленинийн музейн байрыг төрд ямар нэгэн асуудал үүсгэлгүй буцааж өгсөн. Тусгаар тогтнолын ордныг барьсан 11 тэрбум төгрөг бол МАН ганцаараа улсын төсвөөс гараа дүрээд авчихсан асуудал биш. Засгийн газрын тогтоол гарахад АН-ын гишүүд өөрсдөө гараа өргөөд батлаж байсан. Энэ талаар АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо ийм байр суурь илэрхийлж байгаа нь харамсалтай байна. Хэрвээ тэгэж ярьвал АН-д өгсөн дөрвөн байрыг хурааж авъя.
s
Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хууль Зүйн сайд Д.Дорлигжав, ШШГЕГ-ын дарга Б.Билэгт нарт өнөөдөр албан шаардлага хүргүүлсэн. Учир нь 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа Говьсүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий дөрвөн хүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр эргүүлэн татах шүүхийн шийдвэр гарсан.
s
Улсын Дээд Шүүхийн шийдвэр гарсаар байтал одоо болтол хэрэгжээгүй, хууль зөрчөөд явж байна. АН-ын төлөөлөл болох Б.Анхбаяр, Д.Алдармаа нар одоо болтол хууль зөрчиж аймгийн ИТХ-д оролцсоор байгаа нь ИТХ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Энэ талаар Ерөнхий сайд, Засгийн газарт олон удаа гомдол хүргүүлж байсан. Үндсэн хуульд заасны дагуу Улсын Дээд Шүүхийн шийдвэр гараад хоёр жил болж байхад хууль биелүүлэхгүй байгаа Хууль Зүйн Яам, ШШГЕГ-т Ерөнхий сайд хяналт тавьж, чиглүүлж ажиллах үүрэгтэй. Тиймээс бид УДШ-ийн шийдвэрийг биелүүл, Говьсүмбэр аймагт болох ИТХ-ын нөхөн сонгуулийг нэн яаралтай зохион байгуул гэсэн шаардлагыг хүргүүлж байна" гэлээ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ