Ойн ангийн даргад ял оноолоо
Сум дундын 20 дугаар шүүхийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын ойн ангийн дарга Д.Тэрбиш нарт холбогдох хэргийг энэ сарын 9-нд шийдвэрлэсэн байна.
Түүнийг 2013 оны арванхоёрдугаар сард албан тушаалаа урвуулан Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг хэрэглээний мод бэлтгэх эрх аваагүй “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржтой тохиролцон Ерөө сумын нутаг дэвсгэр “Баяны ар” гэх газарт хууль бусаар нойтон мод бэлтгүүлсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгээд байсан юм. Ингэснээр 59.3 сая төгрөгийн хохирол учирсан аж.
Сум дундын шүүхээс Ойн ангийн дарга Д.Тэрбишид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу есөн сая 984 мянган төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Ойн ангийн мэргэжилтан Н.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар хоёр жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ