Тосонцэнгэлийн МСҮТ 12 төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг

УИХ-ын гишүүн Я.Санжмятав Завхан аймгийн зарим сумдад ажиллах үеэр Тосонцэнгэл суманд ажиллаж тус сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үеэр Тосонцэнгэл МСҮТ-ийн захирал Д.Очирбат болон Тосонцэнгэл сумын Засаг дарга Б.Төрмөнх нартай уулзсан аж.
cv
Тосонцэнгэл МСҮТ-ийн захирал Д.Очирбат “Мэргэжлийн боловсролын хууль гарснаар төр засгаас мэргэжлийн боловсролд ихээхэн анхаарч байгаа. Тосонцэнгэл сум бол 10 мянга гаруй хүн амтай томоохон сум. УИХ-ын гишүүн Я.Санжмятав хамгийн сүүлийн үеийн тоноглолтой, дадлага кабинет хосолсон иж бүрэн бүтээн байгуулалтыг дэмжиж байгуулсан. Анх 2010 онд Завхан сургууль нэртэй байгаад 2013 онд Засгийн газрын тогтоолоор Тосонцэнгэл МСҮТ гэж бие даасан сургууль болсон. Манай сургууль нийтдээ 400 орчим оюутан төгсгөсөн бөгөөд одоогоор 12 мэргэжлээр 300 гаруй оюутан суралцаж байна. Манай сургууль бол 60 гаруй багш ажилчидтай сумандаа хамгийн том аж ахуйн нэгж. Бид үсчин, гагнуур, оёдолчин гээд үйлдвэрлэл дадлага хосолсон сургалтыг явуулж байгаа нь орон нутгийн хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгаа. Мөн Хөвсгөл, Архангай аймгийн захын сумуудаар элсэлт хийж байгаа” гэжээ.
a
Тосонцэнгэл сумын Засаг дарга Б.Төрмөнх “Тосонцэнгэл суманд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулагдсанаар ажлын байр нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гол бааз суурь болж байна. Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр өнгөрсөн 2014 оноос хэрэгжиж эхлээд одоо үргэлжилж байна. Энэ ондоо багтааж дуусах төлөвлөгөөтэй байгаа. Манай сум хүн ам ихтэй, томоохон сум. Одоогоор төсөвлөгдсөн таван тэрбум төгрөгөөр инженерийн шугам, сүлжээг хийж байна. Үүний дараа цахилгааны болон нэгдсэн дулааны шугам сүлжээний шинэчлэлийн асуудал байгаа. Энэ бүгдийг шийдэж чадах юм бол Тосонцэнгэл сум хотын статуст нийцэх боломжтой болно. Энэ бүхэн харин хэзээ хөрөнгө оруулалт нь шийдэгдэхээс л шалтгаална” гэв.
\
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ