Заур Дадаев гомдол гаргажээ

Улстөрч Борис Немцовыг буудан хороосон хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Заур Дадаев хууль сахиулагчдын мөрдөн байцаах ажиллагааны талаар гомдол гаргасан тухай “www.kasjauns.lv” мэдээллээ.
Тэрбээр Москвад ирсний дараа цагдаа нар гурван хоногийн турш цахилгаанаар цохиулан тамлаж байцаасан гэж “NEWSru.com” сайтад ярьжээ. Заур энэ тухайгаа Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл, хүний эрхийн болон Москвагийн олон нийтийн ажиглалтын хорооны гишүүн Елена Масюкийг очиход ярьж, гомдол гаргасан байна. Тэрбээр “Миний эрхийг ноцтой зөрчсөн. Немцовын аллагаар баригдсан хүмүүстэй ёс зүйгүй харьцаж, тамлан зовоосон. Москвад ирсэн эхний өдөр миний толгойд уут углаж гурав хоногийн туршид цахилгаан үүсгүүрт холбож тамласан. Миний бие шарх соривоор дүүрсэн. Би алхаж ч чадахгүй байна” гэж хэлжээ. Елена түүний гомдлыг хүлээн авч, шалган үзэхээ мэдэгдсэн байна.
Немцовын аллагад Заур Дадаев, Анзор Губашев, Хамзат Бахаев, Тамерлан Эскерханов, Шагид Губашев нарыг сэжиглэн баривчилсан юм. Заур Дадаевын хувьд Немцовын аминд хүрснээ хүлээн зөвшөөрсөн ч энэхүү мэдүүлгээ гурван хоногийн дараа өөрчилсөн билээ. Тэрбээр “Мөрдөгчид намайг худал мэдүүлэг өгөхийг шаардаж, зодсон” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ