Ардын журамт цэргээс дэлхийн цэрэг хүртэл

img

Галын шугамд ганхалгүй зогсч газар шороогоо бүтэн авч үлдсэн эрэлхэг залуусаа Монгол Улс дурслаа. Энхийн цагт дэлхийн цэрэг болсон хүчирхэг хөвгүүдээрээ бид бахархлаа. Одоогоос 94 жилийн өмнөх гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол Ардын журамт цэргийн байгуулсан анхны ялалтын өдөр байсан юм. Батлан хамгаалах салбарынхан өчигдөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөснөөр “Монгол цэргийн өдөр”-ийн баярын арга хэмжээ эхэлсэн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын салбарын удирдлагууд, зэвсэгт хүчний анги салбарууд цэцэг өргөж, бие бүрэлдэхүүнээрээ баярын хуралд оролцсон юм.

Олон улсад энхийг сахиулж, оюутан залуус суралцах зуураа цэргийн эрдэмд шамдах зэргээр сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбарт ахиц, дэвшил гарсаар байгаа билээ. Гэвч энэ салбарын гол хүчин зүйл болох зэвсэг техник хуучирсан, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал орхигдсоныг анхаарах цаг болсныг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хурлын үеэр онцолж байв. Тэрээр “Бид түүхт ойгоо амжилт бүтээлтэй угтаж байна. Тухайлбал, эрхзүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, Ерөнхийлөгчид өргөн барилаа. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хоёрдахь жилдээ амжилттай үргэлжлүүлж байна. Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа манай албан хаагчид эх орныхоо нэрийг өндөрт өргөж, монгол цэргийн ур чадварыг гайхуулж байгааг дурдахад таатай байна. Монгол Улс зэвсэг техникээ шинэчлэх ажлыг дорвитой хийж чадахгүй байгаа. Энэ салбарт шинээр ирсэн хүний хувьд энэ жил Зэвсэгт хүчний хөгжлийн санд шинэ зэвсэг худалдан авах зүйлийг нэмж оруулах бодлогыг орууллаа” гэв. Цаашид батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчлэл, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг тодорхойлж хэрэгжүүлэх, улс орны томоохон бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох зорилт тавьснаа онцолсон юм. Хүндэтгэлийн хурал зэвсэгт хүчний албан хаагчдын урлагийн тоглолтоор үргэлжилсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шинэ юм аваарай:
зэвсэг техник гээд хуучин юм шахаад байв олигтой юм аваарай даа өндөр цэцтэй хараа тусгал сайтай артилерийн зэвсэг нэлээн хэдэн пуужин нисэх бүрэлдэхүүнийг нэн тэргүүнд авах хэрэгтэй шүү авсан хойно нь үнэг хөөгөөд унагаад байв т э н э г гарууд шүү та нар
2015-03-18