Жолоочийг айлгаж, мөнгийг нь авах гэсэн санаа биш

Захиргааны хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Зөрчлийн тухай хуулийн төсөлд согтуурсан болон мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид оногдуулах шийтгэлийг шинэчлэн өөрчлөх санал хүргүүлээд буй. Энэ талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.
ы
-Зөрчлийн тухай хуулийн төсөлд согтуурсан болон мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид оногдуулах шийтгэлийг өөрчлөх санал оруулсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
-Тиймээ. Зөрчлийн тухай хуулийн төсөл, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тодорхой хэдэн саналыг оруулахаар хүргүүлсэн. Тухайлбал, 15 дугаар бүлгийн 15.4 дүгээр зүйл /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоом зөрчих/-ийн 8 дахь хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасч, 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ” гэснийг “Согтуурсан, мансуурсан болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасч, 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ”. Мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуурсан, мансуурсан болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 80 цаг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг нэмж оруулсан. Уг хэргийг давтан үйлдсэн нөхөр мөн адил шийтгүүлнэ.
б
-Согтуу жолооч осол, зөрчил гаргах нь ихэсч, ердийн үзэгдэл мэт болов. Үүнд эрх зүйн хатуу зохицуулалт хэрэгтэй байх.
-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас гарсан ослын тоо маш олноор нэмэгдэж байгаа. Хоёрдугаарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчил олон гарч байна. Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар өнгөрөгч онд 50 мянга гаруй зөрчил илрүүллээ. Эдгээрийг илрүүлээгүй бол нийгэмд, ард иргэдэд ямар их эрсдэл учруулах байсан бол. Гэхдээ үүний цаана илрээгүй зам тээврийн ослын нэлээн тоо баримт харагдаж байна. Тэгэхээр энэ хуулийн төсөлд оруулсан санал бол цагдаагийн байгууллагаас хийж буй зүйл биш хөдөлгөөнд оролцогчид, ард иргэд нийгмээс ирж байгаа захиалга. Ийм зохицуулалтыг тэд шаардаж байна. Та нар зэвсэг барьсан алуурчнаас өөрцгүй энэ хүмүүсийнхээ толгойг илээд байх юм. Яагаад оногдуулж байгаа шийтгэлийг хатуу байлгаж болдоггүй юм бэ гэсэн санал иргэдээс ирсний дүнд бид үүнийг хүргүүлсэн.
б
-Энэ санал батлагдаагүй байгаа шүү дээ. Гэтэл иргэдийн дунд батлагдсан мэтээр ташаа ойлгогдох тохиолдол гарч байна.
-Батлагдаагүй. Зөвхөн санал хэмжээнд явж байгаа гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ ер нь батлагдана гэдэгт итгэлтэй байгаа.
ы
-Тооцооны 250 нэгж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байсан. Мөнгөн дүнд шилжүүлвэл.
-Ойролцоогоор 500 мянга, нэг сая төгрөг.
б
-УИХ-ын гишүүдэд илтгэл хүргүүлсэн гэсэн.
-Бид нар нөхцөл байдлынхаа талаар илтгэл хүргүүлж байгаа. УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэгт өгсөн. Яагаад гэвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрсдэл, Замын хөдөлгөөний дүрэм зөрчих байдал манай улсад газар авлаа. Үүнээс болж жолооч нар, бусад хөдөлгөөнд оролцогчид хохирох нь ихэсч байна. Тэгэхээр үүнийг төр засгийн хэмжээнд авч үзэх зайлшгүй шаардлага урган гарч байна гэдгийг хэлж байгаа юм.
б
-Энэ саналыг боловсруулахдаа мэдээж бусад орныхтой харьцуулсан байх.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсныг бусад оронд “Өөрийн болон бусдын амь насыг санаатай хорлох...” гэсэн зүйлчлэлээр шууд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Ийм эрх зүйн зохицуулалттай. Манай оронд автын хэрэг гээд байдаг л асуудал шиг хандсаар байгаад энд хүрлээ. 2014 онд зөвхөн энэ эрсдлээр 600 гаруй хүний алтан амь хохирлоо. Тэгэхээр бусад орны энэ төрлийн гэмт хэргийн тоог бууруулсан байдлыг харахад эрх зүйн зохицуулалт нь хатуу байх юм байна. Тухайлбал, ОХУ-д 5000 доллараар торгодог бол Беларусьт тээврийн хэрэгслийг шууд хурааж авч байна. Ийм байдлаар энэ төрлийн эрсдлийг бууруулдаг аж.
б
-Жолооч нарын дунд явуулсан санал асуулгын дүн ямар гарсан бэ?
-Санал асуулга явуулсан чинь би торгуулж, эрхээ хасуулаад, 80 цаг ажилламааргүй байна гэсэн. Ийм гарсанд гайхсан. Ерөөсөө л би бол архи уугаад машинаа барина гэсэнтэй адил сонсогдоод байгаа. Архи, согтууруулах ундаа уусан хүн тээврийн хэрэгсэл жолоодож өөрийгөө болоод бусдыг ямар эрсдэлд оруулаад байгааг хүн бүр мэдэж байна. Тэдний амь нас, эрүүл мэндийг осол аваар, гэмтэл бэртэл, болзошгүй аюулаас хамгаалахаар үүнийг санаачилж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь хэн нэгнийг айлгаж, хэн нэгний мөнгийг нь авах гэж санаачилж байгаа юм биш гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй байгаа юм.
ы
-Хэрэв энэ саналууд дэмжигдсэн тохиолдолд гэмт хэрэг, зөрчил буурах магадлалыг тооцоолж үзсэн байх.
-Бодоод үз л дээ. Сард нэг сая төгрөгийн цалин авч чаддагүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад нэг сая төгрөгөөр торгуулна гэдэг ямар байх вэ. Тэгээд дээрээс нь 80 цагийн хугацаанд нийгэмд тустай хөдөлмөр хийнэ. Энэ хугацаанд ажил, ар гэрээ яах вэ. Хамгийн гол нь тэр хүнийг ажил хийлгэх эсвэл торгох гээд байгаад бус согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрсдлээс нийгмийг аврах гээд байгаа юм. Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг бусад хөдөлгөөнд оролцогчдыг болзошгүй аюул, ослоос хамгаалах гээд буй юм. Хамгийн гол нь дүрэм зөрчихгүй байх, аюулаас өөрийгөө болоод бусдыг хамгаалах сонголт өөрийнх нь гарт байгаа гэдгийг маш сайн ойлго.
б
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх арга олон байна.
-Тийм. Заавал согтуугаар машин жолоодолгүйгээр гэр орон, зорьсон газартаа очих боломж нэг үеийг бодоход олон болж. Нийтийн тээвэр сайн явж байна, такси дуудлага, дуудлагын жолооч, гэр бүл, найз нөхдөө дуудах гээд зөндөө арга зам байна шүү дээ. Муугаар болоход эхнэр, гурван хүүхдээ тэжээгээд явж байсан нөхөр нэг өдөр архи уун, тээврийн хэрэгсэл жолоодож яваад амь насаа алдах, тахир дутуу болвол ар гэрийг нь хэн тэжээх вэ, үлдсэн насандаа яаж амьдрах вэ. Энэ мэт харамсалтай эрсдлүүд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноос болж бусдын амьдралд учирч байна. Замын хөдөлгөөнд оролцогчдоо хамгаалъя. Иргэд маань ч өөрсдөө ухамсарлах биз ээ.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ