Төмөр замын бетон дэрний үйлдвэрүүд нэгдэх үү

"УБТЗ-ын Хөтөлийн бетон дэрний үйлдвэрийг хувийн үйлдвэртэй нэгтгэх замаар дампууруулахыг санаархаж байна. Энэ нь 150 хүнийг ажилгүй болгох аюултай. Цаашлаад УБТЗ хувийн үйлдвэрээс бетон дэрээ худалдаж авах байдалд хүрнэ" гэсэн мэдээллийг нэгэн уншигч ирүүлж, энэ талаар мэдээлэл хүргэхийг хүссэн юм. Бид энэ мэдээллийн мөрөөр хэд хэдэн эх сурвалжтэй холбогдож, бодит байдлыг тодруулсан юм. Уншигчийн ирүүлсэн мэдээллээр бол Хөтөлийн бетон дэрний үйлдвэрийг “Улаанбаатар БҮК” ХК-ний төмөр замын бетон дэрний үйлдвэртэй нэгтгэхээр яригдаж буй аж. “Улаанбаатар БҮК” ХК-ний төмөр замын бетон дэрний үйлдвэр нь 2013 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 217 км төмөр замын түүхий эдийг бэлтгэх зорилгоор байгуулагдсан аж. Нээлтийн ажиллагаанд нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УБТЗ-ын удирдагууд очиж, тууз хайчлан багагүй ач холбогдол өгсөн нь интернетийн архивт хадгалагджээ. Харин өдгөө өргөн бус нарийн царигаар төмөр зам тавихаар шийдвэрлэсэн нь шинээр байгуулагдсан бетон дэрний үйлдвэрт "хүнд цохилт" болоод буй бололтой. Тиймээс Хөтөлийн бетон дэрний үйлдвэрт "найр" тавьж эхэлсэн гэх хардлага мэдээлэл цуглуулах явцад төрсөн юм.
Эхлээд бид Хөтөлийн бетон дэрний үйлдвэрийн дарга Ү.Чинсүхтэй холбогдож, асуудлыг тодрууллаа.
р
Ү.Чинсүх: Бид 2014 онд 46 сая төгрөгийн ашигтай ажилласан
р
-Танай үйлдвэрийг “Улаанбаатар БҮК” ХК-ийн үйлдвэртэй нэгтгэх гэж байгаа мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар тодруулахгүй юу?
-УБТЗ-ын удирдлагуудын түвшинд ийм асуудал яригдсан юм шиг байна лээ. Би бол нэгжид ажилладаг, ажил гүйцэтгэгч учраас энэ талаар тодорхойгүй мэдээлэлгүй байна. Бас биднээс нэг ч үг сонсоогүй байгаа.
р
-Тэгэхээр би энэ талаар хэнээс мэдээлэл авах уу?
-Замын албаны дарга Батбаатар гэдэг хүнтэй холбогдсон нь дээр байх аа.
р
-Асуудал яригдсан гэдгийг бол та мэдэж байгаа юм байна. Яагаад ийм асуудал яригдах болов? Танайх ашиггүй ажиллаж байна уу?
-Манайх 150 ажилтантай, жилд 165-180 мянган бетон дэр үйлдвэрлэдэг. Байгуулагдсан цагаасаа хойш 1.9 сая бетон дэр үйлдвэрлэсэн. Зургаан тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. Бид 2014 онд 46 сая төгрөгийн ашигтай ажилласан. Сэлэнгээс Хонхор хүртэлх төмөр замын 500 гаруй километрынх нь дэрийг бетон болгосон. Улирлын чанартайгаар орон нутгийн 50-100 хүнийг ажлын байраар хангаж, 500-аад сай төгрөгийн татвар, нийгмийн даатгал төлдөг. Тэгэхээр биднийг ашиггүй ажилласан, ажил хийдэггүй гэж ярихгүй байх.
Ийн бид тодорхой мэдээлэл аваагүй учраас УБТЗ-ын Замын аж ахуйн дарга Д.Батбаатартай холбогдож, дээрх асуудлыг тодруулсан юм.
х
Д.Батбаатар: Хамтрах санал ирсэн
р
-Хөтөлийн бетон дэрний үйлдвэрийг “Улаанбаатар БҮК” ХК-ийн үйлдвэртэй нэгтгэх гэж байгаа юу?
-Нэгтгэх биш ээ. “Улаанбаатар БҮК” ХК-ийн зүгээс бидэнд хамтран ажиллах санал тавьсан. Бид эхний уулзалтаа хийсэн. Ямар хэлбэрээр хамтран ажиллах, хоёр талаас ямар хэмжээний хөрөнгө гаргах зэрэг асуудлыг судалж байна. Нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хоёр үйлдвэрийн ажлыг нэгтгэх асуудлаар нухацтай ярилцана. Ажлын хэсэг ч байгуулах байх. Эцсийн шийдвэр гараагүй.
о
-Танай үйлдвэр бол байгуулагдаад удсан, тодорхой байр суурьтай байх. Яагаад дөнгөж туршилтаа хийсэн шинэ үйлдвэртээ нэгтгэх гэж байгаа юм бол?
-Хөтөлийн үйлдвэрийг анх байгуулахдаа жилд 210 мянган бетон дэр үйлдвэрлэнэ гэж төлөвлөсөн. Гэвч дорвитой үйлдвэрлэл хийж чадаагүй. Хүчин чадлынхаа 50 хувийг л ашигладаг. Бас техник технологийн хувьд ч хоцрогдсон. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Бид шинэчилж, өргөжүүлэх талаар судалгаа хийсэн. Бидний тооцоогоор 3.2 сая ам.доллар шаардлагатай байгаа. Гэвч УБТЗ энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадахгүй.
р
-Тэгэхээр техник технологи нь муудсан үйлдвэртээ УБТЗ хөрөнгө оруулалт хийх боломжгүй учраас шинэ үйлдвэртэй нэгтгэх замаар үйл ажиллагааг нь сайжруулна гэж ойлгож болох уу?
-Боломжгүй биш ээ. Дорвитойхон хөрөнгө оруулалт хийж чадахгүй л гэсэн үг. Бидэнд төлөвлөсөн зүйл байгаа. Хэдэн жил ярьсан ч нэг л болж өгөхгүй байна. УБТЗ-д үүнээс чухал олон ажил байна. Замын нэвтрүүлэх чадвар, тээвэрлэлт зэргээр хөрөнгө оруулалт шаардлагатай олон зүйл байна.
р
-“Улаанбаатар БҮК” ХК-иас танайд ямар санал тавьсан вэ?
-Бидэнд тодорхой санал тавиагүй. Дорвитой зүйл санал болговол сайн л байна. Тэдний бүтээгдэхүүн илүү хүчин чадалтай юм билээ. Өөрөөр хэлбэл бетоны даах чадвар нь сайн гэсэн үг. Шинэ технологи бол өртөг бууруулдаг сайн талтай. Харин бидний хувьд одоо ажиллаж байгаа 150 хүн ажилтайгаа байх нь чухал.
о
Харин бид энэ асуудлаар “Улаанбаатар БҮК” ХК-ийн байр суурийг сонирхох гэсэн боловч холбогдож чадсангүй. Ямартай ч Хөтөлийн бетоны үйлдвэрийнхэн энэ асуудалд нэлээд эмзэг хандаж, багагүй хардлага тээж байгаагаа биднээс нуугаагүй юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ