"Дэлхийн цирк монголд" өнөөдрөөс тоглоно

Олон улсын шилдэг циркчдийн “Дэлхийн цирк Монголд-2015” тоглолт өнөөдрөөс эхэлэн Монголын үндэсний циркт болох нь ээ. Олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад долоон хоног л саатах юм. Энэхүү тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцно.
ө
Тоглолтын талаар Монгол циркийн хөгжлийн төвийн захирал Н.Эрдэнэтэй ярилцлаа.
ө
-“Дэлхийн цирк Монголд-2015” тоглолтын талаар сонирхуулахгүй юу?
-Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирктэй хамтран хоёр дахь удаагийн уран бүтээл болох “Дэлхийн цирк Монголд-2015” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт өнөөдөр Монголын үндэсний циркт эхлэх гэж байна. Өнгөрсөн 2013 онд “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг анх удаа хийж байхад 13 орны циркчид ирж оролцож байсан. Энэ удаад 12 орны циркийн жүжигчид Монголд бүрэн хэмжээний уран бүтээлийн нэгдсэн тоглолтоо хийхээр бэлтгэл үндсэндээ хангагдаад байна. Жүжигчид маань энэ сарын 18-нд гурван өдрийн турш группээрээ хуваагдан Монголд ирсэн. “Дэлхийн цирк Монголд-2015” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “МСS” компанийн “Фанта” брэнд оролцож байгаа.
ө
- Өмнөх нь Монгол тоглож байсан тоглолтуудаас юугаараа онцлог вэ?
-Өмнөх тоглолтоос тэс өөр шинэ үзүүлбэрүүд багтсан байгаа. Зарим хүмүүс “Дэлхийн цирк Монголд” тоглолт эргэн болох гэж байгаа юм уу гэж их асууж байна. Гэхдээ тоглолтын нэр адил ч үзүүлбэрүүд нь өөр. Өмнө нь ирсэн бүрэлдэхүүнээс энэ удаагийн тоглолтод ирэхгүй.
Жишээлбэл энэхүү тоглолтод циркийн “Хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын 11 жүжигчин ирсэн. Мөн циркийн амь өрссөн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид оролцох бол илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид хүрэлцэн ирсэн байгаа. Түүнчлэн сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, Латвийн циркчийн ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрээ үзүүлэхээр Монголд ирлээ.
ө
-Монголын циркийн ямар үзүүлбэр багтаж байгаа вэ?
-Бид энэ тоглолтоороо Монголын циркийн жүжигчдийг дэлхий нийтэд таниулахыг зорьж байгаа. Тиймээс Монголын үндэсний циркийн Б.Норовсамбуу багшийн удирдлаган дор тоглодог уран нугаралтын жүжигчдийн үзүүлбэрийг багтаасан. Эдгээр жүжигчид өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д болон олон улсын циркийн тэмцээнээс мөнгөн цом авсан. Энэ тэмцээнийг спортынхтой харьцуулбал дэлхийн аваргын чансааны тэмцээн юм. Мөн н.Номуунбаатар ахлагчтай “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ орж байгаа. Энэхүү үзүүлбэрээрээ монголын циркийн жүжигчин агаарт зургаа эргэж дэлхийн циркийн рекордыг тогтоосон байгаа.
ө
-Тоглолтын тасалбар хэдэн төгрөг вэ, хэзээнээс худалдаанд гарах вэ?
-Тоглолтын тасалбар суудлаасаа хамааран 15, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй байгаа.Тоглолтын тасалбар өнгөрч гуравдугаар сарын 9-нөөс эхлэн Монголын үндэсний циркийн кассаар худалдаанд гарсан. Борлуулалт их сайн байгаа. Тоглолт өнөөдрөөс долоо хоног үргэлжилнэ. “Монголын цирк Монголд-2015” тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагт, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тус тус тоглоно. "Дэлхийн Цирк Монголд" тоглолтын тасалбар дууссантай холбогдуулан нэмэлтээр тоглохоор болсон. Нэмэлт тоглолтын билет гуравдугаар сарын 22-ноос буюу өчигдрөөс эхлэн циркийн кассаар худалдаалагдаж эхэлсэн.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ