Ван Дамм: Нийгэм хэтэрхий гаж болчихож

Жүжигчин Жан-Клод Ван Даммын “www.eonline.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
.
-Сүүлийн үеийн мэдээллээр ярилцлагаа эхлэе. Таныг 17 жилийн турш ханилсан эхнэр Глэдисээс салахаар болсон гэх мэдээлэл цацагдах боллоо. Энэ үнэн үү. Тайлбар хийнэ үү?
-Олон нийт намайг мартаагүй байгаа гол шалтгаан нь хэвлэлийнхэн хэтэрхий сайн ажиллаж байгаатай шууд холбоотой. Ярилцлагын үеэр энэ бүхнийг хэлж байгаад уучлаарай. Намайг тайван орхи. Гэхдээ та нарт баярлалаа.
.
-Миний асуултад хариулсангүй?
-Амьдрал өөрөө сорилт. Сорилт бүхний өмнө өвдөг сөгдөх нь онцгүй хэрэг. Хүн зүрхгүй болбол цаашид амьдарч чадна гэж бодохгүй байна. Гэхдээ энэ бүхэнтэй нүүр тулвал, шинэ зүрх хайх аялалдаа гарах байх. Эхнэр бид хоёр эв найрамдалтайгаар салцгааж байгаа. Өөр зүйл ярихыг хүсэхгүй байна.
.
-Таныг эхнэрээсээ салаагүй байхдаа Украины загвар өмсөгч Алена Казеринатай уулздаг байсан гэж хэвлэлүүд мэдээлдэг байсан?
-Миний хувийн амьдрал бусдад хамаагүй гэж үзэж байгаа учир би илүү зүйл ярихыг хүсэхгүй байна.
.
-Сүүлд “Дийлдэшгүй II” кинонд тоглосон. 1980, 1990 онуудад мандаж байсан ихэнх уран бүтээлч урлагтаа буцан ирж байгаа. Олонд хэдийнэ танигдсан тэр эрхмүүдийг харах таатай байна. Та яагаад томоохон уран бүтээлтэйгээр, холливуудад эргэн ирэхгүй байгаа юм. Та нэг л өдөр бүхнийг хаяад явсан?
-Мэдээж хэрэг энэ хугацаанд уран бүтээлдээ эргэн ирэхийг хүсдэг л байсан. Намайг эргүүлэн авчрах хангалттай шалтгаан олдоогүй юм. 2013 оны дундуур “Дийлдэшгүй II” кинонд тоглосон. Кино баг, зохиол нь дажгүй байсан учир тоглосон. Гэхдээ хангалттай биш. Нэг л өдөр шинэ бүтээлтэйгээ үзэгчтэйгээ уулзах боломжтой өдрийг хүлээж байна. Өнөөдрийг хүртэл холливуудыхан намайг сонирхож байгаа гэдэгт итгэлтэй байна.
.
-Сильвестер Сталлоне таныг “Дийлдэшгүй I” кинондоо тоглуулахыг хүссэн ч та татгалзсан гэсэн. Тэрбээр энэ тухайгаа олон ч хэвлэлд ярьж байхыг нь сонссон. Яагаад тус уран бүтээлийн хоёрдугаар ангид тоглосон юм бэ. Танд хүндэтгэх шалтгаан байсан юм уу. Эсвэл кино урлагаа санасан юм уу?
-Магадгүй л юм. Кино урлагаа санасан байх. Сильвестер Сталлоне өөрийн найруулсан кинондоо намайг тоглуулахыг хүсэхэд миний инээд хүрэх шиг болсон. Бид киноны тухай ярьсан цагаас л маргалдаж эхэлсэн. Яагаад ч юм бэ. Хэзээ ч тэр эрийг над дээр ирээд кинондоо тоглохыг санал болгоно гэж бодоогүй юм. Гэнэтийн зүйл гэхэд болно. Бид 10 гаруй жилийн дараа ганц удаа уулзаад л маргалдсан. Гэхдээ эр хүн, хүн чанарын хувьд Сильвестер Сталлонед жинхэнэ утгаар нь итгэж болох хүн. Түүний энэ занг үнэлдэг учир, кинонд нь тоглохыг зөвшөөрсөн.
.
-Энэ кинонд адал явдалт киноны баатрууд тоглосон. Сильвестер Сталлоне, Арнольд Шварценеггер, Жет Ли, Антонио Бандерас, Мил Гебсон, Харрисон Форд, Жэйсон Стэтхем нар тоглосон. Нэг хэсэг шилдэг кино, шилдэг дүрийн төлөө өрсөлдөж байсан уран бүтээлчидтэйгээ хамтрах ямар байв?
-Дажгүй шүү. Би тэдэнд аз жаргал хүсье. Гэхдээ заримыг тийм ч сайн танихгүй. Би тэдэнтэй өрсөлдөхийг хүсч байна.
.
-Саяхан Арнольд Шварценеггер кино урлагтаа эргэн ирж, их завсарлагаандаа цэг тавьж буйгаа мэдэгдсэн. Түүний тоглосон “Terminator Genysis” кино тун удахгүй нээлтээ хийнэ. Түүнд атаархахгүй байна уу?
-Үгүй. Яагаад түүнд атаархах ёстой гэж. Би түүнтэй өрсөлдөх дуртай байсан. Одоо ч түүнтэй ринг болон киноны талбар дээр тулалдахад бэлэн байна.
.
-Таныг сүүлийн үеийн үзэгчид бараг танихгүй. Энэ бүхэн дарамт учруулж байна уу?
-Үгүй. Тэдний анхаарлыг татна гэдэг асуудал болсныг ойлгож байна. Одоо үзэгчдийн өмнө нүцгэлсэн ч анхаарлыг нь татахаа больжээ. Нийгэм хэтэрхий гаж болчихож. Өсвөр үеийнхний үзэж байгаа кинонуудын ихэнх нь садар самууныг сурталчилж байна. Өнөөдрийн үзэгчид юу хүсээд байгаа нь тааварлашгүй болжээ. Яг л хөөс шиг амархан хагарах эрсдэлтэй. Үнэнч байхаа больсон гэсэн үг.
.
-Та 2009 оноос хойш Хонконгт амьдрах болсон. Хөгшин Европтоо эргэн ирэх хүсэл байна уу?
-Хонконгийн бүх зүйл надад таалагддаг. Энэ улсад л би амар амгалан, тайван байдлыг мэдэрдэг. Буцах төлөвлөгөө байхгүй байна. Наад асуултаа таван жилийн дараа асуувал хариулж магадгүй юм.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ