Фанатуудаасаа өөр дэмжлэггүй шигшээ баг

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Орос-2018” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хүрээнд Зүүн Тиморын багийг талбай дээрээ хүлээж авсан. Хариу тоглолт л доо. Эхний тоглолт Зүүн Тиморт болоход талбайн эзэд 4:1-ээр манай шигшээг буулгаж авсан юм. Тиймээс манай шигшээ талбай дээрээ өрсөлдөгчөө 3:0-ээр хожихоос өөр сонголт байгаагүй.
б
Манай залуучууд чадлаараа хичээсэн, хангалттай довтолсон, нүдсэн. Харамсалтай нь гоол оруулж чадаагүй. Бүр эсрэгээрээ 0:1-ээр талбай дээрээ хожигдсон. Гэхдээ “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр хөлбөмбөгийн шигшээ багаа нэрлэж, онцолж байгаа юм. Хожигдсон байхад юуг нь онцлох вэ дээ гэж зарим нэг уншигч бодож магадгүй. Яг үнэндээ манай шигшээ багт фанатуудаас өөр дэмжлэг юу байв. Нэг үеэ бодвол монголчууд хөлбөмбөг сонирхдог болж, шигшээ багаа дэмжиж эхэллээ.
б
Тэгээд ч жилдээ ганц, хоёрхон олддог шигшээ багийн тоглолт болохоор энэ удаад манай фанатууд жинхэнэ утгаараа зохион байгуулалттай байж, хоолойгоо сөөтөл хашгирсан. Зүүн Тиморт бол хөгжөөн дэмжих фанат ч байгаагүй. Дээрээс нь Монголын шигшээ багт мэргэжлийн гэх тодотголтой ганцхан хөлбөмбөгч байсан нь А.Мөрөн.
б
Түүний ур чадвар бусад тамирчдаас хамаагүй илүү байсан. Гэхдээ хөлбөмбөг 11 хүний ойлголцол, чадвараас хамаардаг спорт. Тийм болохоор ганц мэргэжлийн хөлбөмбөгчний ур чадвар арай л дутаж байна билээ. Бусад нь бол зүгээр л сэтгэлээрээ, хөлбөмбөгт хайртайдаа улсынхаа төлөө тоглож байгаа залуучууд.
б
Тэдэнд ямар дэмжлэг байна. Цалин мөнгө байхгүй, холбооны зүгээс дэмжлэг алга. Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс орж ирсэн мөнгийг нь зүгээр л “гүзээлчихсэн”. Тамирчдад сохор зоос ч өгөөгүй шүү дээ. Өч төчнөөн мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих мөнгө манай хөлбөмбөгийн холбоонд ирж л байсан. Гэтэл үхэр тэрэгний гуя хийх гэж байгаад шүдний чигчлүүр хийдэг өвгөний үлгэр шиг л юм болсон. Одоо 3800 хүний суудалтай, зүгээр нэг талбай байна.
б
Шигшээ багийн 22 тамирчин цалингүй, сайн дурын ажилтан шиг л байгаа. Гэтэл өнгөрсөн 2014 онд гэхэд Монголын хөлбөмбөгийн холбоонд хоёр тэрбум гаруй төгрөг орж ирсэн байгаа юм. Тэр мөнгө хаачив гэдэг асуултад хэн ч хариулж чадахгүй байна. Хариулж ядаад байх юу байх вэ дээ, дарга нар л зуслахгүй юу. Ядаж л шигшээ багийнхаа тамирчдад цалин өгөөд, бүтэн жил тэжээчихэд тэрбум төгрөг хангалттай хүрнэ. Хэрвээ шигшээ багийн тамирчдаа цалинжуулаад, нөхөрсөг тоглолтуудад олон оролцуулаад явсан бол ядаж л цочроо нь гарна шүү дээ. Манайхан гадаадад очоод тоглохоороо цочролд орчихдог гэж байгаа.
Түр зуурын саатал ч гэж хэлж болохоор юм гэсэн. Тиймдээ ч эхний үед олон гоол алддаг талаар ярих хүмүүс олон байна. Ядаж л хоёр хөрш рүүгээ яваад, нөхөрсөг тоглолт хийгээд, цочроогоо гаргаад, бэлтгэлээ байнга хийдэг байсан бол юу гэж л амар хожигдоод байх билээ. Ямар ч бэлтгэлгүй, шигшээ багийн хүрээнд жилдээ ганц, хоёрхон тоглолт хийдэг, мэргэжлийн лиг байхгүй орны тамирчид өдий зэрэгтэй тоглоод, бага гоол алдаад, өөрсдөө гоол оруулаад явж байгаа нь дуулиан биш үү. Талбай дээрээ манай шигшээ ямар сайн байлаа.
б
Тэднийг баатрын хэмжээнд үнэлдэггүй юмаа гэхэд хүндлэхгүй байхын аргагүй. Одоо Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр өөр хүн очлоо. Нөгөө “идээд”, “уугаад”, самраад байсан хар гай нь яваад өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ спортод анхаарлаа хандуулж байна. Тийм болохоор байдал арай өөр болох байх. Одоо бид мэргэжлийн лигийнхээ тэмцээнийг хийх хэрэгтэй. Дэлхийд гологдохооргүй цэнгэлдэх хүрээлэн баримаар байна. Ядаж шигшээ багийнхаа тамирчдыг цалинжуулаад, байнгын бэлтгэлд байлгах цаг болсон. Тэгж байж бид 2030 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд Азийн бүсдээ аятайхан өрсөлдөх талаар бодож болох юм.
б
Тэгэхгүй дахиад л орж ирсэн мөнгийг нь халаасандаа хийчихээд, нэг л их Ерөнхийлөгч нэртэй суугаад байвал Монгол Улс хөлбөмбөгийн спортоор адагт нь явсаар байх болно. Сагсан бөмбөгийн спорт богино хугацаанд ямар хурдацтай хөгжиж, тамирчид нь ур чадвартай болж байна. Энэ бол зөв бодлогын үр дүн шүү дээ. Хөлбөмбөгийн холбоо тэднээс суралцах хэрэгтэй шүү дээ, өөрсдөө чадахгүй байгаа бол. Хажууд нь бэлээхэн судлах, суралцах холбоо байна. Эрхэм Ерөнхийлөгч А.Ганбаатар энэ мэтийг бодолцож, арай өөрөөр ажиллах биз ээ.
и
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ