Холимог тээврийн ложистик төвийг байгуулна

Засгийн газрын хуралдаан өчигдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарлаа. Үүний нэг нь “Богдхан” төмөр зам, Улаанбаатар” холимог тээврийн ложистик төвийг байгуулах асуудлыг хэлэлцэн, хэрэгжүүлэх тогтоол гаргасан. Өмнө нь дээрх асуудлаар судалгааны ажил явагдаж байсан. АХБ-тэй Богдхан төмөр замын төслийг санхүүжүүлэх тухай санамж бичиг байгуулах хугацаанд ТЭЗҮ, төмөр замын чигийг гаргасан төслийг боловсруулсан. Уг төмөр зам нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Рашаант өртөөнөөс салбарлан Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Мааньт өртөөтэй холбогдоно. Уг төмөр замаар дамжуулан холимог ложистикийг Хөшигийн хөндийн урд байгуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд тулгуурлаад агаарын болон төмөр зам, автозамын томоохон сүлжээг явуулж, олон улсын ачаа тээврийг хөгжүүлэх боломж бүрдүүлэх шийдвэр гаргалаа. Нөгөө талаасаа Улаанбаатар хот дундуур дайран өнгөрдөг ачааны галт тэргийг явуулахгүй байх нь томоохон ач холбогдолтой гэж үзжээ. Зөвхөн Улаанбаатар хотын дундаар явдаг 35 км авто замыг хөнгөн галт тэргээр буюу нийтийн зорчигч тээвэр зориулалтаар ашиглавал зорчигч тээврийн хоёр дахь урсгал нэмэгдэнэ. Хот дундуур явдаг ачааны галт тэрэгний урсгал саарснаар авто тээврийн хэрэгслүүд босоо тэнхлэгийн замуудаар саадгүй нэвтэрч, замын түгжрэл буурна. Бүх төрлийн хортой, тэсэрч дэлбэрэх аюултай, химийн хортой ачаанууд Улаанбаатар хот дундуур явахаа больж, нийслэлийн иргэдийн эрүүл , аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа асуудал шийдэгдэх юм. Мөн зүтгүүрийн ажиллагаа, нүүрсний тээвэрлэлт зэргээс агаар болон хөрсөнд үүсгэдэг их хэмжээний бохирдлыг бууруулна.
Төмөр замын зорчигч үйлчилгээний төвийг хотын захад шилжүүлж, төмөр зам, хөнгөн галт тэрэгний зангилаа дээр хот хоорондын авто тээврийн тээврийн зорчигчийн нэгдсэн терминал байгуулах боломжтой. Тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой томоохон аж ахуйн нэгжүүдийн ачааны терминалуудыг хотоос гаргаснаар 1000 орчим га газар чөлөөлөгдөж, орон сууц барих бололцоотой болно гэх зэргээр олон талын ач холбогдолтой. Мөн төмөр замын шугам Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны буудалтай холбогдсоноор Улаанбаатар холимог тээврийн ачааны нэгдсэн терминал төмөр зам, АН-3 хурдны авто зам баригдах юм. Улаанбаатар холимог тээврийн ачааны нэгдсэн терминалыг Хөшигийн хөндийд барьснаар ачааны урсгал нэмэгдэж, шинэ онгоцны буудал руу тавигдах хурдны замыг концессын гэрээгээр байгуулж, замын хураамжаараа хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэж тооцож байна гэлээ.
Нийтийн тээвэрт хөрөнгө оруулна
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 2200 тээврийн хэрэгслээр 600 мянга гаруй иргэн зорчиж байна гэдэг тооцоо бий. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хоёр хүрэхгүй хувиар хотын иргэдийн 60 гаруй хувь нь үйлчлүүлж байна гэсэн үг. Тиймээс Улаанбаатар хотын автозамын шат дараалалтай хөгжүүлэх үүднээс 2009 оноос төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Гурван үе шаттай хэрэгжих энэ төсөлд АХБ-ны санхүүжилтийг авч байгаа аж. “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барихаар болжээ.
Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ачаалал ихтэй босоо тэнхлэгүүд, хойноосоо урагшаа, зүүнээс баруун тийших чиглэлд коридор үүсгэн, 2-4 эгнээгээр зөвхөн зорчигч тээврийн автобус явдаг болгох юм байна. Энэ нь хөдөлгөөний түгжрэлийг багасгаж, том оврын автобусыг олноор хөдөлгөөнд оролцуулах боломж бүрдэнэ гэж үзжээ. Цаашдаа үе шаттайгаар метро болгон хөгжүүлэх зорилго тавьжээ. Хөтөлбөрийн санхүүжилтэнд Монгол Улсын Засгийн газар 75 орчим сая ам.доллар, 215 орчим сая ам.долларыг АХБ гаргах юм байна. Дээрх төсөл 2015 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжиж, 2023 он гэхэд дуусгавар болгохоор төлөвлөжээ.
Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Засгийн газраас энэ сарын 28-наас цаг урагшлуулж, зуны цагийн хуваарьт шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж зарим хүмүүс үзэж байна. Ямар тооцоо судалгаан дээр үндэслэж дээрх шийдвэрийг гаргасан бэ?
-Аливаа шийдвэр хүн бүр 100 хувь таалагддагүй. Дээрх чиглэлээр судалгаа хийж, эсэргүүцдэг хүмүүс байдаг. Гэхдээ ерөнхий чиг хандлагаар эдийн засгийн хэмнэлтийг авчирна гэдэг дээр итгэл үнэмшилтэй байгаа учраас шийдвэр гаргасан.
-Засгийн газраас “Үйлдвэржилтийн жил”-ийн хүрээнд ЖДҮ-ийг хэрхэн дэмжиж, ямар үр дүн гарсан бол. Зээлийг дахиж олгож байгаа юу?
-Зээлийг үргэлжлүүлэн олгох асуудал судлагдаж байна. Бага зэрэг хөрөнгийн нөөц бий. Гэхдээ өмнө нь хэрэгжүүлсэн үйлдвэрийн төсөл ямар явагдаж байна. 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар удахгүй хэлэлцэгдэх байх.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ