11 хурандаа цол буурав

2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар цагдаагийн цол нь цэргийн бус "албан тушаалын цол" болсон. Тухайн үед Хууль зүйн сайдын 2014 оны А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ыг Хууль зүйн сайдын 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан. Хууль зүйн сайдын дээрх шийдвэрийн дагуу нэг алгасуулан олгосон албан тушаалын цол хэрэглэж байсан нийт 1035 албан хаагчийн цолыг хурааж, шинэчлэн журамд нийцүүлэн цол олгожээ.
б
Тэдний 11 албан хаагч цагдаагийн хурандаа, 41 нь цагдаагийн дэд хурандаа, 139 нь цагдаагийн хошууч, 844 нь цагдаагийн ахмад цолтой байсан. Мөн албан тушаалын цол шилжснээр урьд хэрэглэж байсан цагдаагийн цол нь буурсан нийт 402 албан хаагчийн цолыг сэргээн олгосон гэж ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий мэдээлсэн. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
б
-Нийт хэдэн албан хаагчийн цолыг сэргээсэн бэ?
-Урьд хэрэглэж байсан цагдаагийн хурандаа цолыг сэргээсэн 19, цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээсэн 113, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн 187, цагдаагийн ахмад цолыг сэргээсэн 65, цагдаагийн ахлах дэслэгч цолыг сэргээсэн 18 нийт 402 албан хаагч байна.
б
-Шинэ журамд хошуучаас дэд хурандаа хүрэх хугацааныхаа 50 хувьд тэнцэхээр хугацаанд ажилласан албан хаагчийг дэд хурандаа болгохоор журамласан. Тэгвэл дэд хурандаа цол руу хэдэн албан хаагч буусан бол.
-Дээр хэлсэн хуучин журмаар 11 албан хаагч цагдаагийн хурандаа цолтой ажиллаж байсан гэж. Журамд нийцүүлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 7 нь дэд хурандаа, 4 нь хошууч цол руу буусан.
б
-Энэ хөдөлгөөний улмаас эдийн засгийн ямар нэгэн асуудал гарах уу?
-Журам гарч, цолд өөрчлөлт гарсантай холбоотойгоор санхүүгийн хувьд асуудал гарахгүй. Цагдаагийн албаны тухай хууль батлагдснаас хойш 2014 онд Засгийн газрын 99 дүгээр тогтоолоор цагдаагийн цол, алба хаасан хугацааны нэмэгдлүүдийг бүгдийг нь баталгаажуулаад өгсөн байгаа. Өнөөдөр Засгийн газрын энэ тогтоолд өөрчлөлт ороогүй тохиолдолд санхүүгийн янз бүрийн өөрчлөлт гарахгүй.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ