Сүрьеэтэй өвчтөнг эдгээхэд 50 сая хүртэлх төгрөг зарцуулдаг

img

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ны өдрийг дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан ХӨСҮТ, Глобаль сан, ЭМСЯ-ийн НЭМХ, ДЭМБ-аас хамтран мэдээлэл хийлээ. Манай улсын хувьд сүрьеэгийн өвчлөл, нас баралт өнөөдөр тулгамдсан асуудлын нэг бөгөөд нийт хүн амын дундах нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байгаа аж. Жил бүр сүрьеэгийн шинэ тохиолдол 4000 гаруй бүртгэгдэж, 100000 хүн амд 100-аас дээш тохиолдол оногдож байгаа нь Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны нэг болсон байна.

a

Энэ жил дэлхий нийтээр сүрьетэй тэмцэх өдрийг “Сүрьеэг илрүүлье, эмчлэе, эдгэрүүлье” уриатайгаар тэмдэглэх юм байна. Амьсгалын замаар, хүнээс хүнд дамжин халдварладаг нянгийн гаралтай энэхүү халдварт өвчин нь биеийн аль ч эрхтнийг гэмтээх чадвартай. Нийт тохиолдлын 70 орчим хувь нь уушгийг гэмтээдэг гэнэ. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ханиах, найтаах ярихад агаарт  цацагддаг тул энэ өвчнөөр хэн ч өвдөх эрсдэлтэй. Энэ төрлийн сүрьеэтэй хүн нэг жилд 10-15 хүнд халдвар  тараадаг.

a

Сүрьеэгээр  өвчилсөн хүн 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цэр болон цустай цэр гарах, цээжээр өвдөх, турах, бие сульдах, халуурах болон шөнө хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй оношлуулж, эмчилгээ хийлгэсэн тохиолдолд ердөө зургаан сарын хугацааны дараа эрүүл болдог ба энэ хугацаанд тухайн хүний эмчилгээнд зориулан 150 мянган төгрөгийг зарцуулдаг. Сүрьеэгээр өвчилсөн хүний эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг бөгөөд улсын төсвөөс болон олон улсын Глобаль сангийн санхүүжилтээр хийдэг юм.

sa

Хамгийн сүүлийн судалгаанаас дурьдвал 2014 онд 4172 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 100 000 хүн амд 142 хүн ногдож байна. Үүнээс 0-14 насны 385 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь нийт сүрьеэгийн 9.2 хувь, 16-44 насныхан 68.7 хувийг эзэлж байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 55.4 хувь, эмэгтэйчүүд 44.6 хувь байна. Сүрьеэгээр өвчлөгсдийн нийт тохиолдлын 53.9 хувь нь ажилгүй, 16.6 хувь нь төсвийн байгууллагын ажиллагсад байгаа.

a

Энэхүү өвчнөөр өвчилсөн хүн нь эмчилгээгээ эрт эхэлж, эмчийн зөвөлгөөг сайтар дагаж зургаан сарын дотор эмчилгээгээ зөв хийх юм бол маш бага өртгөөр богино хугацаанд эмчилж өөрийнхөө болон гэр бүлийнхээ хүмүүсийг хамгаалах боломжтой  байдаг.  Гэвч шинэ сүрьеэгээр өвчилсөн хүмүүс зургаан сарын хугацаанд эмчилгээгээ таслах, эмийн гаж нөлөөлөөс залхаж эмээ уухгүй байх зэргээр дутуу эмчилсэнээс олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилдөг. Олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилсөн хүн Монгол Улсын хэмжээнд одоогоор 184 тохиолдол бүртгэгдээд байгаа. Олон эмэнд дасалтай сүрьеэг 18-24  сар буюу бараг 2 жил эмчилнэ. Зөвхөн эмийн зардалд 3000 ам доллар буюу 6 сая төгрөг зарцуулдаг аж. Энэ эмчилгээ нь эмчлүүлж байгаа өвчтөнд ч хэцүү,  эрүүл мэндийн байгууллагын хувьд ч чирэгдэл ихтэй. Өвчтний араас хөөцөлдөж бүрэн эмчлэхийн төлөө  гаргаж байгаа зардал, цаг хугацаа нь их болдог.

й

Дэлхийн хэмжээнд мөн маш олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол бүртэгдэж байгаа ба манай улсад ч бүртгэгдэж эхэлсэн. Маш олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилсөн хүний  эмчилгээ нь 36 сар буюу 3 жил, түүнээс дээш хугацаа шаардагддаг. Нэг өвтөнийг эмчилэхэд дунджаар 50 сая төгрөг зарцуулж байгаа нь маш өндөр өртөг тул эмчилгээг эрт эхлэх нь маш зөв алхам хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцолж байсан юм.

й

Хамгийн гол асуудал болох сүрьегийн шинэ тохиолдыг цаг алдалгүй илрүүлэх бөгөөд одоогоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лаборатори болон Дархан-Уул, Дорнод аймгийн БОЭТ-д хурдавчилсан оношилгооны аргыг нэвтрүүлж эхэлсэн байна. Өмнө нь энэ оношлогооны хариуг авахад 28 хоног зарцуулдаг байсан бол одоо 2 цагийн дотор хариу нь гардаг болсон аж.  Энэхүү түргэн оношлогооны Женеэксперт машиныг Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн хүрээнд нийлүүлэгдэж 2014 оноос ашиглаж байгаа ба энэхүү аппарат нь сүрьеэгийн үүсгэгч нян болон сүрьеэгийн эмчилгээний рифампицин эмийн тэсвэржилтийг  хоёр цагийн дотор илрүүлэх хүчин чадалтай. Уг аппарат нь цэр болон биологийн шингэнүүдэд /нугасны ус, плеврийн шингэн, хэвлийн шингэн, бронхийн угаадас, ходоодны угаадас, зүрхний шингэн, шээс/ сүрьеэгийн үүсгэгч болон рифампицины тэсвэржилтийг богино хугацаанд тодорхойлох боломжтой, гар ажиллагаа багатайгаараа давуу талтай арга юм байна.

й

Сүрьеэг эрт илрүүлж, эмчилгээг тууштай хийгээгүйгээс гаж нөлөө ихтэй, ойрын хавьтлууд нь  өвчлөх эрсдэл өндөртэй зэрэг шалтгаан нь нийгэм хамт олны дунд халдварыг тараах аюултай. Манай улсын идэр залуу хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөл, нас баралт өндөр байхын зэрэгцээ сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэ ихсэж байна. Иймээс Монгол улсын Засгийн газар болон Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хамтарсан санхүүжилттэйгээр “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох” үндэсний судалгааг гүйцэтгэж, сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах арга замыг тодорхойлох зорилгоор ажиллаж байна.

2014 онд Улаанбаатар хотын найман дүүргийн сонгогдсон 45 хороо, Дархан-Уул аймгийн гурван баг, Орхон аймгийн гурван баг нийт 51 хэсэгт сүрьеэгийн тархалтын судалгааны ажлыг зохион байгуулжээ. Судалгааны урьдчилсан үр дүнгээр хотын  хүн амын дундах уушгины сүрьеэгийн тархалтын түвшин 100 мянган хүн амд 316 байгаа нь жил бүр бүртгэгддэг тохиолдлын түвшингээс 3 дахин илүү буюу хүн амын дунд илрээгүй сүрьеэгийн тохиолдол өндөр байх магадлалтайг харуулж байна. Энэ нь цаашид сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх хөтөлбөр, стратегийг сайжруулах суурь нотолгоог бүрдүүлж байгаа аж.

ы

2015 онд дээрх судалгаа үргэлжилж 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн хөдөөгийн 32 сум буюу нийт 53 хэсгээс 23500 хүнийг хамруулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн 2016 оноос Глобаль сангийн санхүүжүүлдэг төсөл дуусах бөгөөд тэр үеэс улсын төсөвт 4 тэрбум гаруй төгрөг сууж байж, сүрьеэгээр өвчилсөн хүнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, оношилгоо зэрэгт зориулах боломжтой болох юм байна.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ