Төрийн бус байгууллага, бүлгэмийн гэсэн зарим хүмүүс үүн дотроо хоёр япон, нэг солонгос цөмийн эсрэг идэвхтнүүд 3 сарын 18-нд хэвлэлийн бага хурал, 19-нд семинар зохион байгууллаа. Тэдний зарим нь “АРЕВА Монгол” ХХК, түүний охин компани “Кожеговь” ХХК-ний эсрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал, үндэслэлгүй, бодит байдлыг зориудаар мушгин гуйвуулсан мэдээлэл хийсэн билээ. Иймд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс бид энэхүү хэвлэлийн мэдэгдлийг гаргаж байна.

“АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК нь Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөж, хүн ам, малын эрүүл мэндэд ямар ч хоргүй үйл ажиллагаа явуулж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
“Кожеговь” ХХК нь Монгол Улсад 1997 оноос одоог хүртэл хайгуулын үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Энэ хугацаанд Монгол Улсын хууль, журмыг чанд мөрдөж, шаардагдах бүх зөвшөөрлүүдийг авч ажилласаар ирсэн. “Кожеговь” ХХК-нийн үйл ажиллагааг Уул Уурхайн Яам, Ашигт малтмалын газар, (өмнө нь Цөмийн Энергийн газар), Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, сумдын мэргэжлийн хяналтын байгууллагуудаас хянаж, шалгадаг. Эдгээр байгууллагуудын 17 жилийн туршид хийсэн шалгалтаар “Кожеговь” ХХК-нийн хайгуулын ажиллагаанаас үүдсэн цацраг идэвхи илрүүлээгүй болно.
Холбогдох төрийн байгууллагын Цацрагийн аюулгүй ажиллагааны журмаар тогтсон хуваарийн дагуу “Кожеговь” ХХК хайгуул явуулж буй талбай, талбайн орчмын байгаль орчинд цацрагийн хяналт хийдэг. Хяналтын тайлангаа Цөмийн Энергийн тухай хуулийн дагуу холбогдох газарт илгээж, тус газрын байнгын хяналт, шалгалтын дор ажиллаж байна.
Байгаль дээрхи энгийн цацрагийн хэмжээ Монгол Улсад 0.2 микроЗиверт/цаг байдаг. 2014 оны хэмжилтээр Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь “Кожеговь” компанийн Дулаан Уулын хээрийн ангид цацрагийн хэмжээ 0.08 микроЗиверт/цаг байсан бол Зөөвч Овоо хээрийн ангид 0.07 микро Зиверт/цаг байсан нь байгалийн цацрагийн энгийн түвшинээс 2.5-3 дахин бага байгаа юм.
“Кожеговь” ХХК нь олборлолтын лицензгүй тул Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлоогүй.
Харин үйл ажиллагаа явуулж буй улсынхаа орон нутгийн ард иргэдийн амьжиргааг дэмждэг “АРЕВА“ групп 2014 оны 11 сараас Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 баг, Сайншанд сумын Зүүнбаян багт хоёр жилийн хугацаатай 1.3 тэрбум төгрөгийн Малын эрүүл мэндийн төслийн хэрэгжилтийг санхүүжүүлж байна. Энэхүү төсөл нь малын эрүүл мэндийн асуудлыг нь шийдвэрлэхэд малчдад ихээхэн тус нэмэр болно гэж бид найдаж байгаа.
“Кожеговь” ХХК нь олон улсын стандардыг мөрддөг, хариуцлагатай уул уурхайн компани бөгөөд Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэдийн асуудлыг бид нэн тэргүүнд тавьдаг.
“АРЕВА Монгол”, “Кожеговь” ХХК –ийн удирдлага
2015.03.25
СЭТГЭГДЭЛ БИЧИХ