Хэт даврагчид миний зоригийг мохоосон

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны “AFP” агентлагт ярилцлага өгчээ.
.
-Та Их Британи гэх агуу гүрнийг удирдаад нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд таныг шүүмжлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн гэхээс хасагдаагүй. Энэ юутай холбоотой вэ?
-Тиймээ амаргүй даваа байлаа. Их Британийн Ерөнхий сайдаар ажиллах хэцүү, дэндүү хүнд даалгавар байсныг хэлэх нь зүйтэй байх. Хэрвээ буруу шийдвэр гаргавал маш олон хүн хохирол амсах болно. Тиймээс үйлдэл, үг хэлээ цаг тутам хянах, хувь хүний эрх чөлөөнд халдсан амаргүй даваа байсан. Мэдээж хэрэг хүн бүхэн алддаг. Алдаа дээр минь тоглолт хийдэг хүмүүсийн уршгаар миний нэр хүнд огцом буурсан гэж би хувьдаа дүгнэдэг. Би Британийн түүхэн дэх хамгийн залуухан Ерөнхий сайдаар сонгогдон, ажилласан. Улс төрийн хувьд туршлагатай хүмүүс намайг гоочилж, сэтгэл зүйд нөлөөх, чадахгүй гэсэн бодол суулгахыг оролдох болсон. Энэ бүхнээс болж миний дайсны тоо нэмэгдсэн байх.
.
-Дараагийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ маш товчхоноор тайлбарласан. “Их Британид шинэ удирдагч хэрэгтэй” гэж. Та төрийн өндөр албан тушаал хаших гэж олон саад бэрхшээлтэй нүүр тулсан гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад зовж олсон албан тушаалаасаа ийм амархан хагацаж байгаа юм бэ?
-Их Британид шинэ удирдагч хэрэгтэй. Дараагийн сонгуульд би сонгогчийн хувиар оролцох болно. Төр залуухан, шинэлэг байх тусмаа улс орон хөгжихөд илүү хялбар. Дахин хэлэхэд би Ерөнхий сайдын албан тушаалд гурав дахь удаагаа нэр дэвшихгүй. Гэхдээ улс төрөөс явлаа гэхээр улс төр надад хамааралгүй болсон гэсэн үг биш.
.
-Намайг уучлаарай. Ингэж хэлж байгааг. Хэрвээ ирэх тавдугаар сарын 7-нд зохион байгуулагдах орон нутгийн сонгуулиар эрх баригч “Консерватив” нам ялалт байгуулвал та дахин 5 жил төр барих болно. Гэхдээ энэ хугацаанд Иракийн хэт даврагчидтай тэмцэх зориг дутсан гэж олон нийт үзэж буй. Өнгөрсөн он Британийн гурван иргэн дэндүү харамсалтай нүүр тулж, амиа алдсан?
-Тиймээ. Хэт даврагчид Британи гэлтгүй олон улсыг заналхийлж байгаа нь сэтгэлийг минь өвтгөж байна. Өнгөрсөн он бол бидний хувьд хүндхэн даваа байсан. Дайралт, давшилт, заналхийлэл бүхэн бидний хүчийг сулруулсан. Шаардлагатай гэж үзвэл Британи, цэргээ Ирак руу илгээж болно. Гэхдээ XXI зуун дайны жил биш. Ямар ч шаардлагагүй дайралтын төлөө би олон залуусыг үхэл рүү нь илгээхийг хүсээгүй юм. Бодит байдал дээр хэт даврагчдаас бид айгаагүй. Энэ бол бодит үнэн. Нэг л өдөр харамсалтайгаар амиа алдсан иргэдийнхээ өшөөг авах болно. Дараагийн Ерөнхий сайд энэ асуудал дээр гол анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай. Ойрхи Дорнод, Их Британийн иргэдэд халттай байхыг хүсэхгүй байна.
.
-Хэт даврагчид таныг шантрахад нөлөөлсөн үү?
-Тийм гэж хэлмээр байна. Британийн иргэд толгой дарааллан амиа алдахад миний зориг мохсон.
.
-Сүүлийн үед Британийн өсвөр үе хэт даврагч болохоор хилийн дээс алхаж байна. Энэ тухайд. Тэдний эсрэг ямар бодлого явуулав?
-Мэдээж хэрэг хэт даврагч болохоор хилийн дээс алхсан хүмүүсийг буруутгамаар байна. Яг ямар алхам хийвэл зөв гэдгээ сайн ойлгохгүй байна. Интернэт ертөнц хэтэрхий өргөн уудам учир бүх хүнийг тагнан мөрдөх боломжгүй. Ихэвчлэн хилийн даас алхсан хүмүүсийн 90 хувь нь олон нийтийн сүлжээний тусламжтай хэт даврагчидтай холбогдсон нь тогтоогдсон.
.
-Та Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа мөрийн хөтөлбөр, сонгогчдоо амласнаа 100 хувь биелүүлсэн гэж бодож байна уу?
-Итгэж байна. Би Британийн эдийн засгийг сэргээх асуудалд голлох анхаарлаа хандуулсан.
.
-Тун удахгүй Ерөнхий сайдын албан тушаалдаа баяртай гэж хэлнэ. Тэгээд цааш нь юу болох вэ?
-Ажил, хэргээ дараагийн хүндээ шилжүүлэн өгсний дараа уургаа бариад л загасанд явна. Юу ч бодож, шаналахгүйгээр цаашдын аз жаргалын төлөө амьдрах болно. Гэхдээ их завсарлагааны дараа парламентын гишүүний байр сууриндаа эргэн очно.
.
-Хатан хаан II Элизабет нэг шадар түшмэлээсээ салах болжээ. Таныг их үнэлдэг тухайгаа ярьж байсан?
-Хатан хаан миний сонголтыг хүндэтгэх байх. Британийн Засгийн газар шинэлэг байх учиртай.
.
-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Германы Канцлер Ангила Меркел гэх мэт олон улстөрчийг дэлхий нийтээрээ андахгүй. Та Британиас гадна олон улсад хүндлэгдсэн улстөрч болсон гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Их Британийн Ерөнхий сайд бүр өөрсдийн гэсэн өнгө, төрхтэй. Энэ эрхмүүдээс гадна Их Британи дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг. Энэ гүрнийг алгасах тийм ч хялбар бус. Тэгэхээр таны асуултад “тийм” гэж хариулья. /Инээв/
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ