Анхаар хүүхэд

img

Урины ам наашилж, гадаа нэмэх хэмтэй өдрүүд налайх боллоо. Жижигхэн биедээ хүндэдсэн их ачаа, сурагчийн цүнхээ үүрсэн сурагчид хэд гурваараа хөтлөлцөн гүйж гарцтай, гарцгүй газраар зам гарах нь олонтаа үзэгдэх болов. Урьд тэдний хичээлийг тарахад аав, ээж, эмээ, өвөөгийн аль нэг нь ирж хамтдаа буцаж яваа харагддаг юм. Харин өдөр урт болохын хэрээр сурагчдыг гэрээс нь хэн нэгэн ирж авахаа больжээ.

б

Гэтэл энэ байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгдэж байна гэж Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв. Ганцхан хоногт долоон хүүхэд зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд, сэтгэл санаа, бусад зүйлээрээ хохирч, бяцхан зүрхэндээ айдас тээж явна гэдэг харамсалтай. Хичээлээ тараад баяр хөөр цацруулан гэр рүүгээ яарсан хүү, охин хайхрамж анхааралгүй жолооч, хариуцлага болгоомжгүй эцэг эхийн буруугаас амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

б

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн н.Амаржаргал “Хүүхдүүд ихэнх тохиолдолд сургуулиас гэр, гэрээс сургууль хүрэх замд зам тээврийн осолд өртөж байна. Эцэг, эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй. Манай хүүхэд гэр, сургуулийн замаа мэддэг өөрөө яваад ирчихнэ гээд ганцааранг нь явуулчихдаг. Гэтэл тэр гэнэн томоогүй амьтад чинь болзошгүй аюул эрсдэл, зам хөндлөн гарахдаа ирж буй машины хурдыг тооцоолж чадахгүйгээс харамсалтай ослууд гарч байна” гэж ярьж байсан.

б

Энэ оны эхний хоёр сарын байдлаар хүүхэд зам тээврийн осолд өртсөн 110 осол гарч, 111 хүүхэд хүнд, хөнгөн гэмтэж, хоёр хүүхэд амиа алджээ. Тэдний олонх нь 6, 7 настай хүүхэд байсан аж. Тэндээс аюул гарч ирэн намайг дайрна гэж бодох муу санаагүй балчир ухаандаа энэ замыг гарчихвал л би гэртээ харина гэсэн гэнэн, гэгээн бодолтой тэднийг хайрлая.

ө

Жолооч нараа автобусны буудал, сургууль, цэцэрлэг, хорооллын замд явахдаа аюулгүй байдлыг хангаж, хурдаа тохируулж, дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцоё. Эцэг, эхчүүдээ үүргээ ухамсарлан, хүүхдээ сургуульд нь хүргэж, тарахад очиж авч байя. Зөвхөн гарцаар гарахыг, явган хүн замын хөдөлгөөнд хэрхэн оролцохыг зөв зааж өгье. Тэгэхгүй бол хүүхэд чинь аав, ээжээсээ үлгэрлэж, гарцгүй газраар машины урдуур гүйж байгаад осолд өртөх вий.

б

Таны болчимгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдэл ирээдүйг чинь үгүй хийнэ гэдгийг сайтар сана.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өвөө:
хүүхдийн гарц бүрд "зогс" тэмдэгтэй болгож тэнд машин түр зогсдог, явган хүн ямарч нөхцөлд гарцаар гарч байхад эргэх чиглэлийн болон шууд явж буй машин зогсож өнгөрөөдөг дүрмийг ягштал мөрдүүлбэл осол багасна. гадаад оронд гарцаар ямар сайхан айх юмгүй тайван гарч байна вэ? хүүхэд ихтэй газар хурд хязгаарладаг юм байна. манайхан дүрмээ биелүүлдэг л болгох хэрэгтэй байна. өөр юу ч хэрэггүй. нэрэмжит сар энэ тэр гэсэн хоосон ажлаа боливол таарна. хууль, дүрмийг гууль болгодог албан тушаалтан, иргэдэд хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
2015-03-25