Онгоцны хар хайрцаг эвдэрчээ

Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоц Альпийн нурууны бэлд осолдож, 158 хүн амиа алдсан билээ. Ослын газар ажиллаж буй Францын аврагчид онгоцны хар хайрцгийг мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл хар хайрцаг эвдэрхий, мэдээллийг нь тайлах боломжгүй байгааг “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хоёр хар хайрцагны нэг нь олдсон бөгөөд энэ нь “CVR” ангиллын дуу хураагч гэнэ. “CVR” нь нисгэгч нарын өөр хоорондоо болон нисэхийн диспетчерүүдтэй харьцсан яриаг бичигч аж. Мөн нисгэгчдийн бүхээгт болсон бүхий л дуу чимээг бичих зориулалттай тул мөрдөн шалгах ажиллагаанд маш чухал үүрэгтэй билээ. Харамсалтай нь “CVR” эвдэрч, засахад 1-2 сар зарцуулах болно гэдгийг мэргэжилтнүүд сануулсан байна.
Хар хайрцаг ямар шалтгаанаар эвдэрсэн нь нууц хэвээр байгаа ч гэрчүүдийн мэдээлснээр “Онгоц осолдохоосоо өмнө яг л хөдөлгүүр нь унтраастай мэт нисч явсан. Онгоц харагдаж байгаа мөртлөө ямар ч дуу авиа сонсогдохгүй, мөн утаа харагдахгүй байсан” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ