Тэдний “хар хүн”

Чингисийн үед эмэгтэй хүний "хатан ухаан" төрийн хэрэгт багагүй хувь нэмэр оруулж байсан тухай түүхэн баримт байдаг. Тэгвэл өнөө цагт УИХ-д 11 эмэгтэй гишүүн хатан ухаанаар “төр түшилцэж” явна. Харин тэдний ар талыг хэн авч явдаг тухай та бүхэндээ сонирхуулж байна.
Хожуу учирсан “ахын анд”
УИХ-ын гишүүн ИЗНН-ын дарга С.Оюуны нөхрийг Ч.Энхбаяр гэдэг. Тэдний учралын талаар Ч.Энхбаяр нэгэн хэвлэлд ярихдаа “Би С.Зориг агсантай сайн найзууд байсан. Түүнийг бурхны оронд заларсны дараа анддаа дүүг нь харж халамжилна гэж амласан юм. Ингэж яваад нэг нэгэндээ дасч сэтгэлтэй болж, гэргийгээ болгосон. Миний эхнэр Монголын төмөр хатагтай нарын нэг. Ийм сайхан бүсгүйтэй ханилж, гурван хөөрхөн үрийн ижий, аав болсон би азтай” хэмээн ярьжээ.
Ч.Энхбаярыг сэтгүүлч, тамирчин гэхээсээ илүү УИХ-ын гишүүн С.Оюуны нөхөр гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр С.Оюунтай ханилахаасаа өмнө МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Оюунчимэгтэй “тоонот гэрт толгой холбож” байсан гэдэг. Ч.Энхбаяр сүүлийн жилүүдэд бизнесийн салбарт “хатуу самар” гэдгээ харуулж яваа. Ч.Энхбаяр, С.Оюун нар хэдийгээр хожуу учирсан ч, гурван хүүхдийн аав ээж болсон. Тэдний том хүү одоо найм, дундах нь тав, бага нь гурван настай.
Оюутны ширээнээс “олсон хайр”
Монголын улс төрд бас нэг содон өнгө аяз нэмж байдаг хүн бол УИХ-ын гишүүн Г.Уянга. Тэрбээр 1990-ээд оны дундуур тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр /Монгол улсын ерөнхийлөгч асан/-ын тухай нэвтрүүлгээрээ олны анхаарлыг татаж байсан юм. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуулиар парламентын гишүүн болсон. Түүнийг гудамжны улс төрөөс, ордны улс төрд орж ирсэн ч гэж ярьдаг. Г.Уянга гэр бүлийн хүнтэйгээ оюутан байхдаа гэр бүл болсон байдаг. Нөхөр А.Баатархуягийгаа хичээлийн дараа юм ярьж өг гэж үлдээсээр байгаад авч суусан гэдэг.
Хичээлийн дараа Баатараа өрөмтэй гамбиртай, Уянга харин амттай хоолтой уулздаг байсан гэдэг. Тэрбээр Монголын толгой сэтгүүлчдийн нэг гэж мэргэжил нэгтэй нөхрөөрөө бахархдаг гэдгээ хэд хэдэн хэвлэлд ярьж байсан. А.Баатархүү өдгөө “МОНЦАМЭ” агентлагийн захирлаар ажилладаг. Тэд хоёр хүү, нэг охинтой.
Анхны хайртайгаа гэрлэсэн азтай бүсгүй
УИХ-ын гишүүн болохоосоо өмнө М.Батчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын бодлогын зөвлөх, Ардчилсан намын гишүүдийн “Нэг ардчилал” клубын зохицуулагч зэрэг албан тушаалыг хашиж байв. Харин гэр бүлийн хувьд нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг гэхээс өөр мэдээлэл хэвлэл мэдээллээр тэр бүр цацагдаад байдаггүй.
Тэгвэл төр түшилцэж яваа энэхүү эрхэм бүсгүйн ард ямар “мундаг” хань байдаг талаар сонирхлоо. Түүний ханийг Ц.Эрдэнэбаяр гэдэг. Өдгөө нэгэн барилгын компанийг удирддаг, шаггүй боловсролтой залуу байдаг ажээ. Ц.Эрдэнэбаяр, М.Батчимэг нар 13 настайгаасаа үерхэж, нөхөрлөж ирсэн, хэн хэнийхээ “анхны хайр” гэнэ лээ. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд ууган охин нь оюутан, хамгийн бага хүүхэд нь ЕБС-ийн хоёрдугаар ангийн сурагч ажээ.
Найдвартай ар тал
“ТВ5” телевизийн зөвлөх Д.Сарангэрэл УИХ-ын “отгон” гишүүн. Өөрийнх нь талаар ч элдэв төрлийн мэдээ гараад байдаггүй. “ТВ5” телевизээрээ байнга рекламддаг “Стимо” нарийн боовны үйлдвэр түүний нөхрийнх. Түүний нөхрийг Н.Базаррагчаа гэдэг. Ноён Н.Базаррагчаа өдгөө “ТВ5” телевиз, “Стимо” группээ ерөнхийд нь базан ажиллуулдаг гэнэ лээ. УИХ-ын гишүүн эхнэрийнхээ найдвартай ар тал нь байдаг учраас Д.Сарангэрэл улс төрийн карьер хөөн гишүүн болсон гэдэг.
Зугаалганаас эхэлсэн хайр
Бизнесийн хүрээнийхэнд “Сентоза”, улстөрчдөд аавынхаа нэрээр танил болсон тэрбээр тун адтай бүсгүй. Тэрбээр УИХ-д сонгогдохоосоо өмнө “Иргэн та баялаг сан” төрийн бус байгууллагыг тэргүүлж, “Иргэн баян бол улс баян” хэмээх либерал үзэл санааг тунхаглаж, блог нээж, телевизийн цуврал “Бүсгүйчүүд” нэвтрүүлгийг хөтөлж амжсан. Бас шаггүй сайн төгөлдөр хуурч гэнэ лээ. Харин түүний нөхрийн талаар мэдээлэл тэр бүр цацагдаад байдаггүй. УИХ-ын гишүүний нөхрийг Г.Өлзийбүрэн гэдэг. Тэрбээр АН-ын ҮЗХ-ы гишүүн бөгөөд өмнө нь Нийслэлийн МАХН-ын хорооны дэд даргаар ажиллаж байжээ. Харин одоо Газрын тосны газрын даргын алба хашдаг.
Г.Өлзийбүрэн, С.Одонтуяа нар мөн л дунд сургуульд байхдаа учирч байжээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа анх нөхөртэйгөө учир ургуулж байсан тухайгаа нэгэн хэвлэлд ярьсан байдаг. Тэрбээр “Бид нар 1982 он буюу аравдугаар ангидаа зугаалгаар явсан юм аа. Бүгдээрээ ууланд гарч тоглоцгоосон. Уулнаас буугаад буцах гэж байхдаа гэрийн түлхүүрээ хаясныг мэдсэн. Ингээд дахин дээшээ гарч түлхүүрээ хайх болоход хамт гарах хүн олддоггүй. Тэгэхэд ангийн хөвгүүн, манай нөхөр Өлзийбүрэн хамт гарсан. Бид хоёр түлхүүрээ олсон л доо. Буугаад ирэхэд манай ангийнхан алга ташаад, “Нэг л биш ээ” гэцгээж байж билээ. Тэгэхэд би энэ чинь хүн чанартай, гайгүй залуу байна шүү гэж бодож байлаа. Ирээдүйд гэр бүл болох угшил эндээс л эхтэй байх даа. Тэр байранд одоо аав, ээж минь амьдардаг. Бид хоёр түүгээрээ түлхүүрдэж амьдралынхаа хаалгыг татсан даа” гэж амьдралынхаа эхлэлийг хүүрнэжээ. Тэд охин, хүү хоёртой.
Бурхнаас заяасан хань
“Монос”-ын гэх тодотголтой Л.Эрдэнэчимэг УИХ-ын 2012 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин сонгогдсон. Харин Л.Эрдэнэчимэг бүсгүйн ард ямар хань ижил байдаг нь одоог хүртэл “нууц” хэвээрээ байсан юм. Л.Эрдэнэчимэг гишүүний ханийг П.Баясгалан гэдэг. Ноён П.Баясгалан нийслэлийн унаган хүүхэд бөгөөд бага насаа Төмөр замд өнгөрүүлжээ. Тэрбээр Болгарын Софи хотын Эдийн засгийн дээд сургууль төгссөн, гүйлтийн спортын зэрэгтэй тамирчин байсан гэнэ. Тэр ч бүү хэл Болгарын монгол оюутны спартакиадад зургаан жил дараалан түрүүлж байсан гэдэг.
П.Баясгалан, Л.Эрдэнэчимэг нар 1984 анх Болгарт танилцаж байжээ. Тэр үед УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг 17-хон настай байсан бөгөөд П.Баясгаланг “дээд курсын ах” гэдэг утгаар хандаж байсан гэнэ. Тиймээс мөнгөгүй болсон үедээ “дээд курсын ах”-аас мөнгө зээлж, өлссөн үедээ хоолны толан авч, хааяа кинонд ханьтай явдаг байсныгаа хатагтай Л.Эрдэнэчимэг дурсах дуртай гэнэ лээ.
Тэдний анхны хүү Б.Тамираа 1987 онд мэндэлсэн аж. Өдгөө тэд хоёр хүү, нэг охины хамт амьдардаг. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг одоогийн амжилтынхаа тухай нэгэн хэвлэлд өгсөн яриандаа “1990 онд нөхөр бид хоёр сургуулиа амжилттай төгсөж ирээд улсын байгууллагад ажиллаж эхэлсэн. Баясаа маань тухайн үед “Монгол импекс” гэдэг байгууллагад томилогддон зургаан сар ажиллаад ажлаасаа гарсан. Учир нь Монголд зах зээл эхэлж, “картын бараа”-д ороход бид хоёрын авдаг 500 төгрөгийн цалингаар амьдрах аргагүй болсон хэрэг л дээ. Тэгээд л хоёулаа “хөтлөлцөөд” ганзагын наймаа хийж эхэлсэн. Тухайн үеийн ихэнх залуус ганзагын наймаа хийж, гэр бүлээ тэжээдэг байлаа. Тэгээд ганзагын наймаанаас олсон мөнгөөрөө ахтайгаа нийлж, “Монос” компанийг байгуулж байлаа. Энэхүү компанийг өнөөдрийг хүртэл хань маань удирдаж байгаа. Бурхан надад сайн хань заяасан. Миний хань энэ их ажлын хажуугаар бүхнийг түүртэлгүй амжуулж чаддаг хүн шүү. Миний улс терийн ажлыг маш их дэмждэг. Хань маань өөрийгөө “диван”-ы улстөрч гэдэг юм. Учир нь орой болгон надад хэвлэл, мэдээллээр гарсан, нийтлэгдсэн бүх мэдээг ярьж өгдөг. Хэрэв хайрт хань минь миний хажууд байгаагүй бол би ийм амжилтад хүрч чадахгүй байсан юм. Энэ амжилт маань ханийн маань хайр халамжаас гадна хамтдаа бүтээсэн 29 жилийн маань хамтын бүтээл” хэмээн ярьжээ.
Доктор ханьтай “төмөр” хатагтай
Өдгөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын алба хашиж байгаа хатагтай Х.Оюунхорол УИХ-д гурав дахь удаагаа сонгогдож байгаа туршлагатай парламентч. Тэрбээр монголын анхны хувийн дээд сургууль байгуулж, боловсролын салбар руу орсон монголын “төмөр хатагтай” нарын нэг. Харин түүний ар гэрийн амьдрал нийтэд ил гараад байдаггүй.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг хоёр дахь амьдралаа зохиосон гэдэг юм билээ. Анхны хань нь “Отгонтэнгэр” дээд сургуулийг дөнгөж байгуулагдаад байхад бусдын гарт алтан амиа алджээ. Харин сүүлд ханилсан ханийг Г.Жаргалсайхан гэдэг бөгөөд хэл шинжлэлийн доктор хүн байдаг ажээ. Тэд хүү, охин хоёртой. Ноён Г.Жаргалсайхан өдгөө ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэгтгэдэг юм байна.
Д.Оюунхорол сайд нөхрийнхөө тухайн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний хань дуу цөөтэй гэр амьтай, ном их уншдаг, өндөр боловсролтой, төрийн хүн бий. Хань маань гэр бүлийнхнээрээ өөрийгөө хайрлуулж хүндлүүлэх хувьтай хүн дээ. Тэр маань бид хэдийгээ дагуулаад байгалийн үзэсгэлэнт газруудаар явж түүхийг нь ярьж өгдөг. Хоёр хүүхэддээ ном сайн унш, хүн дор хаяж 3-5 хэл сурах ёстой, боловсролгүй бол зах зээлд борлогдож ажиллаж амьдарч чадахгүй гэж номлодог” хэмээн ярьжээ.
“Хоёр эрдэнэ”-тэй сайд
ХХАА-н сайд Р.Бурмаа анх “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн гэдгээрээ олонд танигдсан. УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшин сонгогдсон. Электрон техникийн их сургууль, хожим МУИС-ийн англи хэлний курсыг оройгоор төгссөн. Англи, Болгар, Орос хэлтэй. АН-ын ҮЗХ-ны гишүүн. Намын зарим нөхөд нь түүнийг “Заргач” гэж нэрлэдэг гэнэ. Энэ нь өөрийн намын гишүүдээ шүүхэд өгч заргалдаж байсантай нь холбоотой аж. Тиймээс “Бурмаагийн явсан газар будлиантай”, “Бурмаа будлианы хутгуур” гэх мэт хэлц хэллэгүүдийг намынхан нь гаргаж байжээ.
Харин түүний хувийн амьдралын талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Өөрөө ч энэ талаар ярих нэлээд дургүй юм билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа хоёр хүүтэй ажээ. Тэд өдгөө “эрийн цээнд хүрсэн” ханхагар сайхан залуус байдаг бололтой. Хатагтай Р.Бурмаа хоёр хүүгээ “нүдний цөцгий” мэт хайрлаж, “миний хоёр эрдэнэ” хэмээн эрхлүүлдэг гэнэ лээ.
Ямартаа ч Р.Бурмаа сайдын хоёр хүүгийн нэг нь барилгын салбарт ажилладаг, нөгөөх нь гадаадад томоохон их сургуульд бизнэсийн чиглэлээр суралцдаг юм байна.
Оюутан цагийн “үнэнч хайр”
Улс төрд цахиур хагалан гарч ирсэн нэгэн бол яах аргагүй УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ юм. Тэрбээр гудамжны улс төрөөс их улс төрд үсрэн орж олны анхаарлын төвд байдаг нэгэн болсон. Харин “зууны азтай эмэгтэй”-гээр тодорсон З.Баянсэлэнгэ гишүүний нөхөр юу хийдэг бол.
Түүний нөхрийг Т.Түвшинжаргал гэдэг. Тэрбээр Өвөрхангай аймгийн Тарагт сумын гаралтай нэгэн аж. Тэд оюутан үедээ танилцаж 1990 оны сүүлчээр гэр бүл болжээ. Т.Түвшинжаргал өдгөө Чингэлтэй дүүргийн халамжийн албанд ажилладаг, төрийн албан хаагч юм байна. Тэрбээр 1998-2002 онд шугамын микро автобус барьдаг байгаад удалгүй "Цэцээ гүн" сургуулийг эчнээгээр төгсч, Баянзүрх дүүрэгт нийгмийн ажилтан болжээ. Т.Түвшинжаргалыг эхнэрийнхээ нэрээр ажилд орсон гэж яригддаг ч тэрбээр төрийн албаны шалгалт өгч өөрийнхөө мөнчгөрөөр ажилд орсноо бахархалтай хэлдэг гэнэ.
Тэд хүү, охинтой. Том хүүг нь Т.Болдбаатар гэх бөгөөд Төмөр замын коллежид суралцдаг. Охин Т.Түмэнхүслэн нь "Үйцай" хятад сургуульд сурдаг юм байна.
Зурхайчаар нөхрөө олуулсан хатагтай
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хожуу гэрлэж, өөрөөсөө олон ах америк эрийн эхнэр болсон гэдгийг олон хүн мэднэ. Стэнфордын их сургуульд сурч байхдаа нөхөртэйгээ танилцжээ. Тэгээд Жеффтэй гэрлэх болсон нууцаа нэгэн сэтгүүлд дэлгэсэн байдаг. Сургуулиа төгсөх жилээ Ц.Оюунгэрэл интернэтэд 20 доллар төлж, заяаныхаа ханийг олох зурхай худалдаж авчээ. Сарын дараа түүнд Францын зурхайчаас хариу ирэв. Тэнд “зургадугаар сарын 8-нд та заяаныхаа ханьтай учрах болно. Хэрэв энэ өдөр гэрлэх санал тавьсан хэн нэгний саналыг хүлээж авахгүй бол та 40 жилийн дараа заяаныхаа ханийг олно” гэсэн байв. Тэгэхэд Ц.Оюунгэрэл 37-той байв. Гэтэл зургадугаар сарын 8-ны өдөр түүнд хэн ч гэрлэх санал тавьсангүй, тэр ч байтугай гэрээсээ ч гарч чадсангүй. Учир нь маргааш нь тэр дипломоо хамгаалах ёстой байсан тул өдөржин шалгалтандаа бэлтгэжээ.
Маргааш нь дипломоо хамгаалж, хоёр өдрийн дараа диплом бичихэд нь тусалсан хүмүүсийг урьж, талархлын үдэшлэг хийсэн байна. Түүний дотор одоогийн нөхөр Жефф багтжээ. Гэтэл Жефф түүнд гэрлэх санал тавьж, бөгж бэлэглэсэн байна. Ц.Оюунгэрэл үгүй ч гэж, бас за ч гэж чадахгүй гацжээ. Учир нь зурхайч зургадугаар сарын 8-нд заяаныхаа ханьтай учирна гэсэн, гэтэл 11-ний өдөр болчихоод байдаг. Хэрвээ энэ саналыг хүлээж авахгүй бол 77-тойдоо заяаныхаа ханьтай учирна гэж хэлсэн байдаг. Тэгээд нөхрөөсөө “Чи бөгжөө хэзээ худалдаж авсан бэ” гэж асууж. Нөгөөх нь “Зургадугаар сарын 8-нд” гэж хариулжээ. Баттай болгохын тулд “Тэгвэл мөнгө төлсөн баримтаа үзүүл” гэжээ. Үнэхээр Жефф түүнд 8-ны өдөр бөгж худалдан авч, мөнгө төлсөн баримт үзүүлжээ. Тэгээд л юу ч бодолгүйгээр шууд зөвшөөрсөн гэнэ.
“Хурандаа” сонголт
Улс төрд зүтгэж буй цөөхөн эмэгтэйчүүдийн нэг, УИХ-ын гишүүн Д.Арвин намаасаа гарснаар хэвлэлийн баатар болж байсан. Тэгвэл тэрбээр АН-ын гишүүн болсны дараахан цэргийн хурандааг ханиараа сонгож шуугиан тарьж байсан юм.
Ганц хүүгийнхээ эцгээс хагацсанаас хойш 50 насны босгыг ганцаар алхсан тэрбээр цэргийн хүнтэй ханилахаар шийдсэн гэнэ. Д.Арвин гишүүний сонгосон хурандаагийн нэр одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Баянхонгор аймгийн 339 дүгээр цэргийн ангид ажиллаж байсан хурандаа гэнэ лээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ