Обама санаатай андуурсан уу

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар Вашингтонд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ганиг Цагаан оронд хүрэлцэн ирсний дараа хоёр орны тэргүүн хамтарсан мэдэгдэл хийх үеэр Обама алдаа гаргажээ. Обама, Ганигийн нэрийг өмнөх Ерөнхийлөгч Хамид Харзайгийн нэртэй андуурч “Хамид АНУ-д тавтай морил” гэж хэлжээ. Тэрбээр алдаа гаргаснаа мэдснийхээ дараа Ганигаас уучлалт хүсч “Намайг уучлаарай. Би том алдаа гаргалаа. Хамид Харзай найман жилийн турш Афганистаны Ерөнхийлөгчөөр ажилласан. Их урт хугацаа шүү. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа олон нийт миний нэрийг мартах, шинэ Ерөнхийлөгчийн нэрийг цээжлэх гэж нэлээн хугацааг зарцуулах байх” гэж даажигнажээ.
“Обама андуурч, алдаа гаргасан ч Гани тайван харагдаж байсан” гэж Афганистаны төв хэвлэл мэдээлэв. Харин Обамагийн алдааг Афганистаны ард түмэн уучлахаас татгалзаж, “Энэ бол санаатай явуулга” хэмээн буруутгажээ. Гани тус улсад дөрвөн хоног айлчлах ба айлчлалын эхэнд АНУ-ын цэргүүдийг 2016 он хүртэл эх орондоо байршуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ