Илгээлтийн эзэд малчин өрхөд туслахаар мордов

Хаврын энэ өдрүүдэд малчны хотонд төлийн дуу цангинаж, малчин түмэн минь өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл шинэ төлөө эсэн мэнд тосон авах их ажилд дарагддаг билээ. Тиймдээ ч хөдөө орон нутагт энэ өдрүүдэд сурагчдын амралтыг сунган 14 хоног болгосон. Гэвч хүн бүл цөөтэй айлд мал төллөх үеэр туслаж дэмжих хүн гэдэг ус агаар шиг хэрэгтэй байдаг. Тэгвэл Баянхонгор аймгийн Залуучуудын холбооноос санаачлан "Шинэ зууны илгээлтийн эзэн" аяныг эхлүүллээ. Малчдын ахуй амьдралтай биечлэн танилцах мал төллөж буй ачаалал ихтэй үед тодорхой хугацаанд ажилд нь туслах, залуучуудыг уламжлалт мал АА-тай ойртуулах зорилгоор энэхүү аяныг эхлүүлсэн аж.
Ингээд илгээлтийн эздийн сэтгэгдлээс хүргэж байна.
Д.Занданбал: Илгээлтийн эзэн болохоор анх удаа явж байна
Илгээлтийн эзэн гэдэг хүнийг бидний ээж аавын үед л их анхаарч, зохион байгууллалттайгаар явуулдаг байсан гэж сонссон. Өөрөө илгээлтийн эзэн болохоор анх удаа явах гэж байна. Суманд очиж малчин өрхөд очих гэж байгаа болохоор миний хувьд сэтгэл их өндөр байна. Миний хувьд малчин удамтай хүн болохоор ерөнхийдөө мал аж ахуйг мэднэ. Гэхдээ яг малчны нэг өдрийн амьдрал, өглөө босохоос эхлээд бүтэн өдрийг хэрхэн өнгөрүүлж, цаг хугацааг яаж зохицуулдаг талаар мэдэхийг хүсч байсан. Ялангуяа мал төллөх үеэр очихыг хүслээ. Ямар байх бол гэсэн ерөнхий төсөөлөл байгаа. Хөдөөгийн айлд долоо хононо. Эндээс явж байгаа залуусын хувьд ч сэтгэл их өндөр байгаа. Бидний хувьд ямар нэгэн санхүүжилт гэх юм байхгүй сэтгэлээрээ л явж байна.
Д.Мөнхцэцэг : Би сурвалжлагчаар ажиллана
Баянхонгор аймгийн залуучуудын холбоо, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Шинэ зууны илгээлтийн эзэд” аянд нэгдэж байгаа. Миний хувьд Баацагаан сумыг хариуцаж, сурвалжлагчаар нь ажиллана. 21 дүгээр зуунд хуучны үйл ажиллагааг сэргээж байгаа гэдэг утгаараа миний хувьд сонирхолтой бөгөөд адал явдалтай байх болов уу гэж бодож байна. Би аймгийн Боловсрол, сочлын газарт соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн хийдэг. Энэ аянд аймгийнхаа бүх сумдын соёлын төвүүд, театрууд соёл урлагийн байгууллагуудыг хамруулж байгаа. Хүн хүч болон соёлын арга хэмжээгээр дэмжиж байна. Мөн дашрамд дурьдахад, бид аймгийнхаа хэмжээнд “Аймгаараа бүжиглэе” гэдэг аяныг зохион байгуулж байгаа.Энэхүү аяны хүрээнд иргэдийг хөдөлгөөний дутагдлаас гаргах, иргэдэд гоо зүйн мэдлэг олгох, нийтийн цэнгээнт бүжгийг хөгжүүлэх зорилгоор заавал сурах 10 бүжгийг зааж сургаж байна.
Т.Баярмагнай: Төрийн үйлчилгээг малчны хотонд хүргэнэ
Илгээлтийн эзэн аяныг зохион байгуулахаар өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргасан тул цаг хугацаа их давчуу байсан. Гэхдээ богино хугацаанд ч гэлээ амжилттай зохион байгууллаа гэж бодож байна. Аймгийн хэмжээнд бүх төрийн байгууллагууд дэмжлэг үзүүллээ. Аймгийн удирдлагуудаас , сумуудаас дэмжлэг үзүүлсэн. Бид “Төл болгоныг эсэн мэнд бойжуулж, төрийн үйлчилгээг малчны хотонд хүргэнэ” гэсэн уриатай байгаа. Эхний удаад төрийн албан хаагчид дээрээ түшиглэ, энэ хүмүүсийнхээ нөөц бололцоог ашиглан төрийн үйлчилгээг малчны хотонд үзүүлж, мэдээллээр малчдаа хангах зорилготой. Мал төллөлтийн үеэр малчиддаа дэмжлэг үзүүлэх өөр нэг зорилго нь манай аймагт 10мянга гаруй малчин өрх байдаг. Мал төллөлтийн үеэр хүүхдүүд нь оюутан сурагч болоод явчихсан хүн хүч муутай байна хэмээн тусламж хүссэн саналууд ирсэн тул дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Төрийн албан хаагчдын томилолтыг байгууллагаас шийдэж байгаа. Ажилгүй иргэдийн хувьд өдрийн 10 мянган төгрөгөөр цалинжина. Өнөөдрийн нийгэмд өдрийн 10 мянган төгрөг бага байж магадгүй. Гэхдээ мөнгө гэхээсээ илүү малчны амьдралаар хэд хоног ажиллана гэдэг нь сонирхолтой байгаа гэж бодож байна.
“Шинэ зууны илгээлтийн эзэд” аянд тус аймгийн 19 сумын 104 багт төрийн албан хаагчид болон залуучуудын нэгдсэн нийт 300 гаруй илгээлтийн эзнийг илгээсэн. Илгээлтийн эзэд нь төрийн албан хаагч залуусын төлөөлөл, сайн дурын залуусаас гадна дунд сургуулийн төгсөх ангийн болон МСҮТ-ийн сурагчдаас бүрдсэн байсан юм.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ