Хятадад яг ижлийг хийгээд зах зээлд гаргасан
2015-03-27

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ӨМӨЗО-ны Хөх хот, Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоотой хамтран “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг таслан зогсоох, хяналт тавих арга хэмжээнүүдийг харилцан мэдээлэл солилцож шийдвэрлэж байхаар болсон.

 

Тэгвэл энэ дагуу Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассиоцацийн тэргүүн н.Жаргалмаа ШӨХТГ-ын даргад хандлаа. Түүнээс зарим зүйлийг тодруулав.

 

-Ямар шалтгаанаар ШӨХТГ-д хандах болов.

-2012 онд тухайн үеийн Засгийн газар Монгол Улсад үйлдвэрлэсэн даавуугаар сурагчийн дүрэмт хувцсыг оёж улс даяар хангахаар шийдвэр гаргасан юм. Мөн Боловсролын тухай хуулинд ч Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувцас нэг загвар, стандарт байна гэж заасны дагуу асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаж энэ төсөл хэрэгжсэн юм. Төсөл хэрэгжсэн эхний жилдээ 3000-4000 хүнийг ажлын байраар хангаж их сайн үр дүнтэй болсон. Техник, технологи, өр зээлгүй байх, олныг хамарч үйл ажиллагаа эрхэлж чадах гээд их нарийн шалгуураар долоон аж ахуй нэгж шалгарч уг төслийг хэрэгжүүлэхээр болсон. Харамсалтай нь энэ үеэр импортоор орж ирж буй сурагчийн дүрэмт хувцас зах зээлийг бүрэн эзэлж борлуулалт хийхэд хүндрэлтэй нөхцөл гарч ирсэн.

 

-Улсад долоон аж ахуй нэгж үйлдвэрлэж байхад импортоор дүрэмт хувцас орж ирсэн юм уу?

-Уг нь энэ бүтээл БСШУЯ-ын оюуны өмч. Тус дүрэмт хувцсыг Монголд үйлдвэрлэж зах зээл дээр гаргасан байтал яг адилханыг дуурайлгаж Хятадад хийлгээд зах зээлд борлуулсан. Ер нь сурагчийн дүрэмт хувцас гэлтгүй ямар ч төрлийн хувцсыг эрэлт ихтэй, борлуулалт сайтай л байх юм бол яг адилханыг Эрээнд үйлдвэрлээд л “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго наагаад зах зээлд гаргадаг. Бид улсаас маш их зээл авсан, тэрнийхээ дагуу татвараа төлөөд зах зээл дээр бараагаа борлуулах гэтэл урдаас бараг тал үнээр нь шахуу оруулаад ирэхээр үнэхээр хүнд нөхцөл байдал үүсч байна. Иймд ШӨХТГ, Хятадын Үйлдвэр худалдааны товчоотой хамтран хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэнэ гэсэн мэдээллийг аваад энэ асуудлыг шалгаж, нягталж нэг мөр болгон дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллаасай гэсэн үүднээс хандаж байгаа юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
овоо доо:
улсын бодлого
2015-03-27