Андрес Любиц гэж хэн байв

Альпийн нурууны бэлд осолдсон Германы “Airbus A320” онгоцны туслах нисгэгч 28 настай Андрес Любицийг санаатайгаар онгоц сүйрүүлсэн хэмээн Францын удирдлагууд мэдэгдээд байгаа. Хар хайрцагны мэдээллээр ахлах нисгэгчийг бүхээгнээс гарч явсны дараа хаалгаа цоожлоод, жолоо авсан нь тогтоогдсон юм. Мөн ахлах нисгэгч бүхээгт орохын тулд хаалга хэд хэдэн удаа тогшсон ч туслах нисгэгч хариу өгөөгүй нь бичлэгт буужээ. Энэхүү мэдээллээс үндэслэн Андрес Любицийг онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн хэмээн шинжээчид үзсэн байна.
Андрес Любиц гэж хэн бэ?
Тэрээр Германы нисгэгчийн сургуулийг 2011 онд төгсөөд, 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Германы “Germanwings” компанид дадлагажигчаар орж, өнгөрсөн оноос эхлэн үндсэн ажилтны нэг болжээ. Любиц нийтдээ 630 нислэгт оролцож, +85 үнэлгээтэйгээр дадлагаа хамгаалсан байна. Түүнтэй хамтран ажиллагсдын мэдээлснээр “Любиц их даруухан. Нэг үгээр бүрэг хүн байсан. Өнгөрсөн оны дундуур нэг удаа сахилгын шийтгэл авч, 15 хоног нислэгт гаралгүй, арын албанд ажилласан. Сахилгын шийтгэлийн дараа тэрээр их ууртай болсон” гэж ярьжээ.
Ямар нэгэн тероррист бүлэглэлтэй холбоогүй
“Germanwings” компанийн удирдлагууд өчигдөр хэвлэлийнхэнд тайлбар өгчээ. Тус компанийн дарга Карстан Спох “Ослын буруутан гэгдээд буй туслах нисгэгч Андрес Любицийн хувийн мэдээлэлтэй танилцахад түүнийг ямар нэгэн гэмт болон тероррист бүлэглэлтэй холбоотой нь тогтоогдоогүй. Ажил, хувийн амьдралаа ялгаж салгаж чаддаг манай компанийн шилдэг ажилтан” гэж хэлжээ. Хэвлэлийн хурлын үеэр “French news” сонины сэтгүүлч “Андрес Любиц нэг удаа сахилгын шийтгэл авч байсан гэсэн. Юуны учир шийтгэл авсан бэ” гэж асуухад Спох “Тэрээр 2 удаа ажлаас хоцорч, нэг удаа ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн. Тиймээс ажилчдын нэгдсэн хуралдаанаар оруулж, сахилгын шийтгэл өгөх нь зөв хэмээн үзсэн” гэж хариулжээ.
Онгоцны үйлчлэгчээр ажиллаж байжээ
Андрес Любиц туслах нисгэгч болох шалгалтанд хоёр удаа унаж, гурав дахь дээрээ тэнцэж, нислэгт гарах албан ёсны үнэмлэхтэй болжээ. Тэрээр 2013 оны есдүгээр сард зарлагдсан туслах нисгэгчийн шалгалтад тэнцээгүй байна. Андрес шалгалтад унасныхаа дараа нэг сар онгоцны үйлчлэгчээр ажиллаж байжээ. Энэ хугацаанд сайн ажилласан учир онгоцны үйлчлэгчээр ажиллах санал хүлээн авч байж. Тэрээр ажилд орох санал хүлээн авсныхаа дараа онгоцны үйлчлэгчийн ажлаа орхиж, туслах нисгэгчийн шалгалтад хувиараа бэлдсэн байна.
Гэр бүлийн байдал
Андрес Любиц ганц бие бөгөөд 2012 оны эхээр гурван жил үерхсэн найз бүсгүйгээсээ салжээ. 14 настай байхад нь ээж нь дахин хуримласан. Хөршүүдийн мэдээлснээр “Андрес хойд эцэгтэйгээ нэлээн муу харилцаатай байсан. 2009 онд гэрээсээ явж, Берлинд суурьших болсон” гэжээ.
Түүний ээжийг Лусиа Любиц гэдэг бөгөөд насаараа хүүхдийн байгууллагад сэтгэл зүйчээр ажилласан, хоёр хүүтэй. Андресийн төрсөн эцэг 1999 онд гэр бүлээ орхиж, Франц руу явсан байна.
Андресийн ах 32 настай Алекс авто спортын улсын аварга гэнэ. Тэрбээр осол гарсны дараа твиттертээ “Итгэхгүй байна. Үгүй. Дүү минь үхээгүй гэдэгт итгэлтэй байна” гэж жиргэжээ.
Харин Францын шинжээчдийн хийсэн мэдэгдлийн дараа тэрбээр твиттертээ “Больж үз. Дүү минь дэндүү даруухан. Тэр нэгдүгээр нисгэгч болохыг мөрөөддөг байсан. Юу гэж мөрөөдлөө ийм хурдан орхих юм. Би дүүдээ итгэж байна” гэж жиргэсэн байна.
Би найздаа итгэж байна
Андрес Любицийн дотны найз Петр Рукер. Тэрбээр ослын дараа Германы төв телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр “Бид 15 наснаасаа хойш найзалсан. Ахлах, их сургууль болон амьдралын найзууд. Бидэнд нэг нэгнээсээ нуух нууц байгаагүй. Андрес их дөлгөөхөн зантай. Юу гэж онгоц барьцаалж, 150 хүн болон өөрийнхөө амийг хорлох билээ” гэж хэлжээ. Петрийн хувьд найзынхаа адил “Germanwings” компанийн туслах нисгэгч аж.
Сүүлийн жиргээ
Андрес Любиц нислэгт гарахаасаа өмнө жиргэжээ. “Би нислээ. Өнөөдөр цаг агаарын хувьд тогтуун, сайхан байна” гэж жиргэжээ. Тэрбээр твиттер, инстаграм ашигладаг ба фэйбүүк огт ашигладаггүй байжээ.
Хамтрагчид нь түүнд итгэж байна
“Germanwings” компанийн ихэнх ажилтан Францын шинжээчдийн мэдэгдлийг үгүйсгэж байна. Ажилчдын 70-аас дээш хувь нь туслах нисгэгчээ энэхүү осолтой ямар ч хамааралгүй хэмээн мэдэгдэж, олон нийтийн сүлжээгээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн байна. Өнөөдөөр 8.00 цагийн үед компанийн бүх ажилчин “Airbus A320”-ийн зорчигчдод хүндэтгэл үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ