Шинэ зүйл нэмэх амархан, хуучнаа засварлах хэцүү

“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн “Fortune” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-“Apple” таны амьдралыг хэрхэн өөрчилсөн вэ?
-Би “Apple”-ийн хэрхэн үүсэн байгуулагдсан, ямархуу үеийг даван туулсан зэргийг нь сайн мэднэ. Миний амьдрал бүхэлдээ “Apple”-д зориулагдсан. Би өглөө бүр амжилт, шинэ брэнд, чанарын тухай бодож сэрдэг. Та асуусан. Энэ брэнд таныг хэрхэн өөрчилсөн вэ гэж. “Apple” миний амьдралыг бүхэлд нь өөрчилж, өөр гаригт авчирсан гэхэд болно. “Apple” гэх гаригт Тим гэх эрийн өнгөрсөн, одоо үе өрнөсөн. Миний ирээдүй ч энэ гариг дээр өнгөрч болзошгүй.
-“Apple” компанид ажиллаж буй бүх хүн энэ гаригийн оршин суугч, иргэд гэсэн үг үү?
-Тиймээ. Яагаад гэвэл тэд энэ гаригийг хөгжүүлж буй хүмүүсийн нэг.
-Та өнгөрсөн онд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан. Одоо 55 настай. Энэ тухайгаа хэдэн настайдаа мэдсэн вэ. Гэнэтийн мэдэгдлийг тань гэр бүл, хамт олон болон найз нөхөд чинь хэрхэн хүлээн авав?
-Амаргүй даваа байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа би энэ тухайгаа мэдсэн. Сонирхолтой нь би нууцаа хэнд ч хэлээгүй, өнөөдрийг хүргэсэн. Амьдрал урт учир гэр бүл зохиосон. Нууц хадгалах амаргүй даваа. Би эрх чөлөөтэй нэгэн ч сэтгэлийн эрх чөлөө хаагдмал байсан. Тиймээс би нууцаа задалж, сэтгэлгээгээ эрх чөлөөтэй болгосон. Олон хүнд миний гэнэтийн мэдэгдэл таалагдаагүй. Энэ бүхнээс болж миний амьдрал ганцаардал дунд үргэлжилж явна. Гэхдээ харамсахгүй байна.
-Та “Би ижил хүйстэн гэдгээрээ бахархдаг” гэж хэлсэн. Та нэгэнт нууцгүй болсон. Тиймээс ямар нэгэн хүнтэй дотно харилцаатай байгаа юу?
-Бурхан минь энэ тухай ярихыг хүсэхгүй байна. Би өнөөдрийн ярилцлагыг арай өөр асуулттай, арай өөр агуулгатай болно хэмээн найдаж байлаа. Нууц нэг байхад хангалттай. Би нууцаа задалсан. Нэгэнт задарсан нууцынхаа талаар дахин дахин ярихыг хүсэхгүй байна.
-Ойлгомжтой. Өнгөрсөн сард “Apple Watch” болон “Mac Book”-ээ танилцуулсан. “Apple Watch”-ийг та “Iphone” утасны амжилтыг эвдэнэ хэмээн мэдэгдсэн. Энэ тухайд?
-Тиймээ, “Apple Watch” олны дунд хүлээлт үүсгэсэн бүтээгдэхүүний нэг. 10 гаруй орны зах зээлд хэдийнэ нэвтэрч, эрэлттэй бүтээгдэхүүний нэгээр нэрлэгдэж буйг борлуулалтын албнаас уламжилж байгаа. Бид “Mac Book” худалдаанд гарахаар төлөвлөж байна. Гэхдээ шинэ зүйл нэмэх амархан, хуучнаа засварлах хэцүү гэдгийг туршлагаасаа мэдэж байна. Хуучнаа засварлаж, олон жил хэрэглэгдэх амьдралын шаардлагатай хэрэглээ болгохын төлөө “Apple” хичээнгүйлэн ажиллаж байна.
-Бид 2011 оныг хүртэл Стив Жобс гэх эрхмээр “Apple”-ийг төсөөлдөг байсан. Тэрээр нэг л өдөр таныг гүйцэтгэх захирлаар томилсон?
-2010 оны эхээр Стив намайг өрөөндөө дуудаад ““Apple”-ийн гүйцэтгэх захирлаар чамайг томилох хүсэлтэй байна” гэж хэлсэн. Түүнийг ийнхүү хэлсний дараа би “Чи удаан бодсон юм уу. “Apple” цаашид оршин тогтнох нь сайн удирдагчтай шууд хамааралтай шүү” гэсэн. Бид анх удаагаа л албан тушаалын тухай ийнхүү ярьсан юм. Энэ ярианаас хэдхэн сарын дараа “Apple”-ийн гүйцэтгэх захирлаар намайг сонгосон. Их гэнэтийн зүйл болсон. Нэг л өдөр би олны анхаарлын төвд орсон. Миний дэргэд олон чадварлаг хүмүүс ажиллаж байна. Тэдний ихэнх нь сайн удирдагч, зохион байгууллагч байж чадна гэдэгт итгэдэг. Хэрвээ би хүсвэл Стив шиг шийдвэр гаргаж, тэдний нэгийг захирлаар томилох болно. “Apple” миний зүрх. Энэ компанитай холбосон амьдралаа тийм ч амархан мартаж чадахгүй байх.
-Стив Жобс яриа болгоныхоо өмнө ““Apple”-ийн ажилчдын зүрх хэрэглэгчдийнхээ төлөө цохилох ёстой” гэдэг байсан?
-Тиймээ. Энэ үг түүний амны уншлага байсан. Байнга хэлдэг байсан. Түүнийг энэ ертөнцөөс явсны дараа энэ үгийг бүх ажилтны өрөөнд байрлуулсан. Бид иймэрхүү аргаар л түүнийг өдөр бүр дурсч явна.
-“Apple”-ийн гүйцэтгэх захирал болоод таны хөрөнгө нэлээн зузаарсан. Олны танил эрхмүүд буяны үйлсэд хандивладаг. Стив Жобс эцсийн мөч хүртлээ хүүхдийн байгууллагад хандив өргөсөөр байсан?
-Үнэнийг хэлэхэд, миний зээ хүү 10 настай. Хүүгээ коллежид орсны дараа бүх хөрөнгөө асрамжийн газарт хандивлах болно. Тэгээд дараагийн хүндээ албан тушаалаа хүлээлгэн өгөөд Шинэ Зеланд, Австрали улсад амьдрахыг хүсч байна.
-Таны нийт хөрөнгө хэд вэ?
-120 сая ам.доллар. Би бүх хөрөнгөө асрамжийн газарт хандивлах болно.
-Та энэ хөрөнгийг зүгээр суугаад олоогүй. Яагаад хөлс, хөдөлмөрөөрөө цуглуулсан хөрөнгөө гэр бүлийнхэндээ үлдээхээс татгалзаж байгаа юм?
-Би энэ мөнгийг өөрийн хүчээр цуглуулсан. Тиймээс алдсан ч харамсахгүй. Тэднийг ч гэсэн ийм хөрөнгө цуглуулахыг хүсч буй учир дээрх шийдвэрийг гаргасан. Чи хөдөлж, сэтгэж л байвал бүх боломж чиний өмнө нээлттэй.
-Танд Стив Жобсын хэрэглэж байсан хэд хэдэн гар утас байгаа гэсэн. Тэднийг хадгалж буй гол шалтгаан юу вэ?
-Шалтгаан гэх зүйл байхгүй. Зүгээр л анд нөхрөө дурсах, түүнийг өдөр бүр санах гэсэн нэг арга юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ