Иргэд шороон замаар тээвэр хийхийг эсэргүүцэв

img

Шадар сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт ажиллаж, уул уурхайн томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр яригдсан нэг чухал асуудал бол нүүрсний тээврийн асуудал байв. Цогтцэций суманд орших Таван толгойн ордод Төрийн өмчит Эрдэнэс таван толгой, орон нутгийн өмчит Таван толгой болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан Энержи ресурс компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Эрдэнэс таван толгой болон орон нутгийн жижиг таван толгой Цанхийн хэсэгт олборлолт явуулж байгаа бол Энержи ресурс Ухаа худаг ордыг ашиглаж байгаа юм. Дээрх компаниуд нүүрсээ авто машинаар тээвэрлэдэг. Зуун тонн давсан жинтэй хүнд даацын машинууд говийн эмзэг хөрсийг сүйтгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэдэн жил шүүмжилсэн ч юу ч өөрчлөгдөөгүй. Тиймээс Цогтцэций сумын Сийрст багийн иргэд шороон замыг хааж, жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Иргэд амьдрах орчин, малын бэлчээр нь сүйтгэгдэж, газрын хөрс талхлагдаж буй учраас шороон замаар тээвэрлэлт хийхийг эсэргүүцэж буй юм.

 

Энержи ресурс компани  Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд 245 км авто замыг өөрийн 118 сая долларын хөрөнгөөр барьжээ. Уг замыг Эрдэнэс МГЛ компани худалдан авахдаа 100 сая долларыг өгч, харин үлдсэн 18 сая долларыг нь  замын хураамжаас төлөхөөр тохирсон юм байна. Энэ дагуу 0.75 долларын хураамж төлж, үлдсэн 0.75 долларыг нь төлбөртөө суутгаж байгааг Энержи ресурсийнхэн Шадар сайдад тайлбарлаж байв.

 

Уг нь энэ замаар компаниуд нүүрсээ тээвэрлэх боломжтой. Гэвч замын хураамж ижил биш тариф мөрдөгдөж байгаа нь өрсөлдөөнд нөлөөлж байгааг орон нутгийн өмчит Таван толгой компаний гүйцэтгэх захирал Р.Сэддорж хэлсэн юм.  Энержи ресурс компани нэг тонн тутамд 0.75 цент, нөгөө хоёр компани нь 1.5 ам.доллар гэсэн тарифаар хураамж төлдөг. Энэ хураамж өндөр байгаагаас  болоод Орон нутгийн таван толгой болон Эрдэнэс таван толгой компанийн нүүрс ачсан  машинууд хил хүртэл шороон замаар явдаг юм байна. Тэгвэл байгаль орчныг сүйтгэж, иргэдийн амьдрах орчныг үгүй болгож буй энэ байдлыг Засгийн газар анхааралдаа авч, асуудлыг шийднэ гэдгээ Шадар сайд дуулгасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tumuruu:
Estoi zuv zuil chin ene bauh aa. Ter Bosoo huh mongol tend ochij negdeh,demjeh heregtei.Haramsaltai ni daan ch ted tiish ochihgui. Yagaad gevel tendees mungu bosgoh bariant baihgui. Bosoo huh mongoliihoniig basay??? Ta nar ochij chadahgui ee....
2015-03-30