Олландын асуудлууд

img

Их Британийн “www.telegraph.co.uk” сайт Францын Ерөнхийлөгчийн шийдвэрлэж чадаагүй асуудлын жагсаалтыг гаргажээ.

 

 

Асуудалтай хувийн амьдрал

Олланд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос илүү хувийн амьдрал нь олны анхаарлыг татсан юм. Тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Никола Саркозигийн адилаар төрийн тэргүүнээр сонгогдоод эхнэр Валери Триервейлерээс салж, гоонь эр болов. Олланд өнөөдрийг хүртэл ганц байгаа ба 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдох эсэх нь бүрхэг хэвээр байгаа юм. Учир нь францчуудын 40-өөс дээш хувь нь Олландыг “муу удирдагч” хэмээн дүгнэж, хувийн амьдралаа зохицуулж чадаагүй хүнийг дахин сонгох эсэхээ мэдэхгүй байна гэжээ.

Олланд, Валери нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Тэд 1999 оноос эхлэн хамтран амьдарсан ба Ерөнхийлөгч өмнө хуримаа хийж байсан юм. Валери Ерөнхийлөгчийн ордноос явсныхаа дараа “Ичгүүртэй амьдрал” хэмээх номоо гаргаж, Олландын жинхэнэ төрхийг илчилсэн. Тус номонд Олландыг “хүүхэмсэг эр” хэмээн тодорхойлж, хамт амьдарч байх хугацаандаа олон удаа сэтгэлийг шарх авч байснаа дэлгэрэнгүй өгүүлжээ. Энэхүү ном өнөөдрийн байдлаар 21 сая хувь борлогдсон байна.

 

 

Нууц амраг

Валери Ерөнхийлөгчийн ордноос явсан нь Олландын нууц амрагийн асуудалтай шууд холбоотой. Түүнийг эмнэлэгт хэвтсэн үеэр Олланд өөрөөсөө 24 насаар дүү, жүжигчин Жули Гайетэй холбоо тогтоосон нь илчлэгдсэн юм. Тэдний хамтдаа байгаа зураг олон нийтийн сүлжээгээр тарсан билээ.

Олланд дээрх мэдээллийг үгүйсгэж “зүгээр л найзууд” хэмээн мэдэгдсэн юм. Харин Жули нэр хүндэд нь халдсан гэж 10 гаруй хэвлэлийг шүүхэд өгсөн удаатай. Гэхдээ Жули нэг л өдөр усанд хаясан чулуу шиг сураггүй алга болов. Түүнийг Олландын хүүхдийг тээж байгаа гэх мэдээллийг “The Sun” сонин нийтэлсэн билээ. Энэхүү мэдээллийг Олландын хэвлэлийн төлөөлөгч үгүйсгэсэн ч өнөөдрийг хүртэл жүжигчин сураггүй хэвээр байгаа юм.

 

 

Цаг үрсэн гэрээ

Олланд Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөнөөс үүдэн “Нормандын дөрвөл”-ийг Беларусын нийслэл Минск хотноо цуглуулсан билээ. Тэрбээр салан тусгаарлагчдыг зэвсгээр хангадаг бүлэг этгээдийг барих болон гэмгүй иргэд хохирохоос урьдчилан сэргийлж, яаралтай гал зогсоох гэрээ байгуулахыг “Нормандын дөрвөл”-өөс хүссэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Германы Канцлер Ангила Меркел, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон Олланд нар 19 цаг хэлэлцэж, шийдвэрлэсний эцэст өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Минскийн гэрээг байгуулсан юм.  Харамсалтай нь энэхүү гэрээ 28 өдрийн дараа хүчингүй болжээ.

Энэхүү үйл явдлын дараа Олланд “Цаг үрсэн гэрээ байлаа. Бид гэрээний заалт дээр алдаа гаргасан байж болзошгүй” хэмээн тайлбарласан юм.

 

 

Олландын мэрийлт

“Минск 1” гэрээ амжилтгүй болсны дараа Олланд дахин шийдвэртэй алхам хийж, Украины ард түмнийг хамгаалах зорилгоор “Нормандын дөрвөл”-ийг дахин цугларахыг уриалсан юм. Тэрбээр хамгийн эхэнд Канцлертэй уулзаж, зөвшөөрүүлсэн билээ. Тэд Киев, Москва хотноо гэнэтийн айлчлал хийж, Порошенко, Путин нартай уулзаж, Беларусын Минск хотноо дахин уулзах санал тавьсан юм.

Энэхүү саналыг Ерөнхийлөгч нар хүлээн авч, хоёр дахь удаагаа уулзав. Тэд 16 цаг хэлэлцэж, дахин гал зогсоох гэрээ байгуулсан юм. Оросын тал гэрээг аль хэдийнэ зөрчигдсөн хэмээсэн ч Герман, Франц, Украин энэхүү мэдэгдлийг үгүйсгээд байна.

 

 

Тооцоолоогүй гэнэтийн халдлага

Олланд Украины асуудалд гол анхаарлаа хандуулж байх хойгуур Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Парис хотноо байрлах “Charlie hebdo” шог сэтгүүлийн редакцид халдлага үйлдэж, 12 хүний аминд хүрсэн юм. Мөн энэхүү халдлагын дараа эрэгтэй, эмэгтэй хоёр этгээд супермаркет барьцаалж, долоон хүний аминд хүрэв.

Дараалласан халдлагын дараа Олланд Парис хотноо онц байдал зарлажээ. Мөн дахин халдлага гарахаас сэргийлж зэвсэгтэй цагдаа нарыг томоохон хотуудад хамгаалалтад гаргасан юм. Гэнэтийн халдлага Олландын нэр хүндийг унагааж, дахин сонгогчдын итгэл хүлээх нь эргэлзээтэй боллоо.

 

 

Олландын нэр хүнд өсөв

Олланд халдлагын дараа хэт даврагчдад бууж өгөхгүй, амиа алдсан иргэдийнхээ амь насыг нэхэх зорилгоор Иракт цохилт өгч буй холбоотон орнуудтай нэгдэж буйгаа зарласан билээ. Мөн дэлхийн 50 гаруй орны удирдлагыг Парист хотноо цуглуулж, терорризмын эсрэг гар гараа барилцан жагссан юм. Энэхүү үйл явдлын дараа Олландын нэр хүнд огцом өсч, “Шийдвэртэй Ерөнхийлөгч” гэх нэр томьёог нэрнийхээ өмнө залгасан билээ. Олланд терорризмын эсрэг нэгдэхээс гадна олон улсыг Оросын эсрэг хэрэгжүүлж буй хориг болон өдөөн хатгасан мэдэгдлээ зогсоохыг уриалсан юм.

Энэхүү уриалгын дараа Олландын нэр хүнд огцом өсч, ганцхан сарын дотор твиттер, фэйсбүүк, инстаграм зэргийг нь 4.7 сая хүн дагасан байна.

 

 

Хүчтэй өрсөлдөгч

Өнгөрсөн амралтын өдөр Франц улсад орон нутгийн сонгууль явагдаж өндөрлөв. Ерөнхийлөгчийн нэр хүнд сайн байгаа хэдий ч сонгогчдын саналыг авч чадсангүй. Олландын хүчтэй өрсөлдөгч гэгдээд буй экс ерөнхийлөгч Никола Саркозигийн тэргүүлдэг “Ардын хөдөлгөөний нам” урьдчилсан байдлаар ялалт байгууллаа. Тэд орон нутгийн зөвлөлийн 102 суудлын 68-д нь ялалт байгуулжээ.

Саркози 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөхөө уламжлаад буй. Олландын “Ард түмэн” нам ийнхүү ялагдал хүлээв. Олланд ирэх сонгуульд дахин хүч үзэхээ мэдэгдсэн. Тэрбээр Саркозитай хүч үзэх нь тодорхой боллоо. Олланд бэлтгэлээ сайтар хангахгүй бол ялагдал хүлээх эрсдэлтэй байгаа юм. Ерөнхийлөгч өмнө нь Саркозиг “Миний амьдралдаа таарч байсан хамгийн хүчтэй өрсөлдөгч” гэж хэлсэн удаатай.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ