“Шинэ яармаг”-ийн санхүүжилтийг баталжээ

Засгийн газрын хуралдаан өчигдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч буюу Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр:
Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөг баталлаа
-Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг батлан гаргалаа. УИХ-ын 41 дүгээр тогтоолоор Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж батлуулсан. Төлөвлөгөөний хоёрдугаар заалтад Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэгдсэн байгаа. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд төлөвлөгөөний нарийвчилсан төслийг танилцуулаад, яам, агентлагуудаас гарах саналыг нэмж тусгах үүрэг болгосон байлаа. Ингээд өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр нь яамдаас ирүүлсэн санал, Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагаа Монголбанк, СЗХ-ны ажилтай уялдуулах зорилготой. Энэ хөтөлбөрт яамдын төдийгүй төрийн бус байгууллагын саналыг ч нэгтгэн тусгасан. Эдийн засгийн хүндрэлээс гарахад зайлшгүй авах арга хэмжээний талаар 592 санал ирсэн. Ирсэн саналуудтай танилцаж, зарим давхардлыг агуулгыг нэгтгэснээр 220 саналыг хөтөлбөрт тусгалаа.
Эдийн засгийн хүндрэлээс гаргах хөтөлбөрт Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын урсгалыг сайжруулах, ажлын байдлыг хадгалах, зогсонги байдалд орсон томоохон төслүүдийг эрчимжүүлэх, алт олборлолтыг нэмэгдүүлэх гэх мэтчилэн олон зүйл ангийг тусгажээ. Уг хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгасан. Хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа талаар улирал тутамд Засгийн газарт мэдээлж, танилцуулж байхыг Сангийн сайдад үүрэг болголоо хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.
Ноосны урамшууллыг нэмэгдүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор хонины ноос, тэмээний ноосны журмыг шинэчлэн баталжээ. УИХ-аас 2010 онд “Монгол мал” хөтөлбөрийг баталсан. Энэ нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний түүний эдийг нэмэгдүүлэх зорилготой. Энэ хүрээнд 2011 оноос мал аж ахуйн гаралтай түүхий эдийг үндэсний үйлдвэрлэлд тушаасан тохиолдолд олгох урамшуулалын хэмжээг тогтоосон. Ингэхдээ тэмээ, хонины ноосонд килограмм тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгох болсон. Саяхан Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 18-нд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх 40 дүгээр тогтоол гарсан байна. Энэ хүрээнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг малын үүлдэр угсаа, чанараас шалтгаалан урамшуулал олгохоор болжээ. Засгийн газар өнгөрсөн хугацаанд судалгаа хийжээ. Хонь, тэмээний самнаж бэлтгэсэн нарийвтар, нарийн, бүдүүвтэр ноосонд 2000 төгрөгийн урамшуулал, хяргаж бэлтгэсэн тэмээний болон нутгийн монгол хонины ноосонд 1000 төгрөгийн урамшуулал олгохоор журамд өөрчлөлт оруулжээ. Ингэж ялгавартай тогтоосон нь малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах зорилготой. Энэ нь үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүний чанарт нөлөөлж, экспортыг дэмжих, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн чадавхид сайн нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.
Орон сууцны жишиг хороололтой болно
2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Орон сууцны суурьшлын шинэ бүс бий болгох зорилт дэвшүүлсэн. Хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллыг оронсууцжуулах хүрээнд “Шинэ яармаг” төслийг төлөвлөсөн. 2012 онд энэ хүрээнд БНХАУ-ын “Экспорт, импортын банк”-тай гэрээ байгуулсан байна. Дээрх хэлэлцээр өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлагджээ. Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 368.000 ам.метр талбай бүхий орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болжээ. БНХАУ-ын “Экспорт, импортын банк” нь хөрөнгө оруулалтын 80 хувь буюу 195 сая ам.долларыг санхүүжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрт нийт 245 сая ам.долларын санхүүжилт шаардаж байгаа юм байна. Үлдэгдэл 50 сая ам.долларыг ТОСК-аар дамжуулж Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. “Шинэ яармаг” нь орон сууцны болон үйлчилгээний төвөөс гадна МСҮТ ч байгуулагдах жишиг хороолол болгохоор төлөвлөжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ